Жүдо бөхийн "Мастерс-2021" тэмцээний эхний өдөр Жи-Мобайл, Hybrid House, VISA Team багийн гишүүн МУГТ М.Уранцэцэг хүрэл медаль хүртлээ.
Тэмцээний эхний өдөр хуваарь ёсоор хөнгөн таван жинд манай улсаас есөн бөх барилдсанаас эмэгтэйчүүдийн -48 кг жинд МУГТ М.Уранцэцэг аварга Мастерс тэмцээнээс гурав дахь медалиа хүртлээ.
МУГТ М.Уранцэцэг:
- 2015 Мастерс тэмцээнээс алт медаль
- 2017 Санкт Петербург Мастер тэмцээнээс хүрэл медаль
- 2021 Доха Мастер тэмцээнээс хүрэл медаль хүртлээ.
Дэлхийн чансааны 7-д эрэмбэлэгдэгдэж буй МУГТ М.Уранцэцэг энэ удаагийн Мастерс тэмцээний С хэсэг буюу хамгийн хүнд хэсэгт багтсан юм. Тэрээр эхний тойрогт гоц мөргөж хоёрдугаар тойрогт Мастерийн нэг мөнгө, гурван хүрэл медальт ОХУ-ын И.Долговатай барилдах байсан хэдий ч И.Долгова нэгдүгээр тойргийн барилдаанд бэртэл авсан тул М.Уранцэцэг аваргатай барилдахаас татгалзсан байна.
Ийнхүү хэсгийн аваргын төлөө дэлхийн хошой аварга Украины Д.Билодидтэй шууд барилдлаа. Хоёр бөхийн хувьд 2019 оны ДАШТ-д учраа таарснаас хойш хоёр дахиа учраа таарсан нь энэ байлаа. Харамсалтай нь энэ удаад дахин Д.Билодидэд ялагдлаа.
Дагах барилдаанд Олимп, дэлхийн аварга Аргентины П.Паретотой зургаа дахь удаагаа учраа тааран барилдаж тав дахь удаагаа буулган авлаа.
МУГТ М.Уранцэцэг хүрэл медалийн төлөө Францын М.Клементтэй тав дахь удаагаа учраа тааран барилдаж гурав дахь удаагаа цэвэр ялж Мастерс тэмцээнээс хүрэл медаль хүртлээ.