Өнгөрөгч долоо хоногт (наймдугаар сарын 21-ний өдөр) 34 насныхаа төрсөн өдрийг тэмдэглэсэн олимпийн 8, дэлхийн 11 удаагийн аварга Усайн Болт коронавирусийн халдвар авсан нь батлагджээ.
Одоогоор түүнд ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй ч шинжилгээний хариу нь эерэг гарчээ. Тэрээр одоо тусгаарлагдаад байгаа бөгөөд түүний төрсөн өдрийн үдэшлэгт ирсэн зочдоос шинжилгээ авч байгаа юм байна. Төрсөн өдрийн үдэшлэгт нь олон алдартай зочид ирснээс Манчестер Сити клубын Рахийм Стерлинг, Байер клубын Леон Бейли нар мөн байсан аж. Одоогоор дээрх хөлбөмбөгчид ямар нэгэн албан ёсны тайлбар хийхээс татгалзаж байгаа юм. Харин Усайн Болд өөрийн цахим хуудсаар дамжуулан видео мэдэгдэл хийсэн ба "Би хариуцлагатай байхын тулд өөрийгөө тусгаарлаад байна. Одоогоор надад ноцтой шинж тэмдэг илрээгүй байна" хэмээгээд бусдыг болгоомжтой байхыг уриалсан байна.
Ямайка улсад одоогоор халдвар авсан иргэдийн тоо 1600-г давж, 16 хүн нас бараад байгаа юм. Тус улсын Ерөнхий сайд Эндрю Холлс 20-оос дээш хүн нэг дор цуглахгүй байх, маск тогтмол зүүх журам хэрэгжиж буй энэ үед олны танил, нийгэмд үлгэр дууриалал болсон алдартнууд маань илүү хариуцлагатай байхыг уриалсан байна.