Мэргэжлийн боксын IBO холбооны дэлхийн аварга, МУГТ Н.Төгсцогт WBC холбооны дэлхийн аваргын бүсний төлөө энэ оны эхэнд тулалдан мэргэжлийн карьерийнхээ анхны ялагдлыг хүлээсэн билээ.
Тэгвэл МУГТ Н.Төгсцогт хэдхэн хоногийн дараа буюу есдүгээр сарын 19-ны өдөр Мексикийн Эдуардо Рамирезтэй тулалдах тулааны тов гараад байгаа юм. Хэн ялсан нь дэлхийн аваргын төлөө тулалдах эрхээ авах тун чухал тулаан биднийг хүлээж байна.
Эдуардо Рамирезийн хувьд энэ жил 27 настай бөгөөд мэргэжлийн рингенд 2010 оноос хойш хүч үзэж байгаа юм. Тэрээр нийт 28 тулаанд орж 23 ялалт, хоёр ялагдаж, гурван удаа тэнцсэн үзүүлэлттэй байна. Мөн түүнчлэн 10 удаа өрсөлдөгчөө хүнд цохилтоор буулган авсан.
Өнгөрсөн оны эхээр IBO болон WBC холбооны аварга болж байсан Доминиканы боксчин “The Matrix” хочит Клаудио Маррерог Н.Төгсцогт аварга ялж байсан бол тус тулаанаас таван сарын дараа Эдуардо Рамирез К.Марерод ялагдсан байдаг.