БНХАУ-ын Ухань хотноо онц байдал зарласантай холбогдуулан тус улсад зохион байгуулагдах хуваарьтай байсан бүхий л томоохон тэмцээнүүдийг цуцлаад байна.
Олон улсын олимпийн хорооноос тамирчдын эрүүл мэнд, аюулгүй байдлын үүднээс БНХАУ-д зохион байгуулагдах аливаа тэмцээн уралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлуулах, өөр улсад шилжүүлэх зөвлөмж гаргаад байгаа бол БНХАУ-ын спортын яамны зүгээс коронавирусийн тархалтаас шалтгаалан энэ оны дөрөвдүгээр сар хүртэл БНХАУ-ын нутаг дэвсгэр дээр аливаа, уралдаан тэмцээн зохион байгуулахыг хориглох шийдвэр гаргасан байна.
Тухайлбал "Токио 2020" олимпийн их наадмын Ази, Номхон далайн бүсийн эрхийн төлөөх тэмцээн ирэх сарын 3-14-ний өдрүүдэд Ухань хотноо зохион байгуулагдах хуваарьтай байсныг цуцалж гуравдугаар сарын 3-11-ний өдрүүдэд Иордан улсын нийслэл Амман хотноо зохион байгуулахаар боллоо. Уг эрхийн тэмцээнээр хөнгөн жинд эхний зургаа, дунд жинд эхний тав, хүнд жинд эхний дөрвөн байр эзэлсэн тамирчдад “Токио-2020” оролцох эрхээ авах учиртай.
Мөн түүнчлэн эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн олимпийн эрхийн төлөөх тэмцээн ирэх сарын 3-9-ний өдрүүдэд зохион байгуулагдах байсан ч мөн л байршлаа сольж Австрали улсын Сидней хотод зохион байгуулагдахаар боллоо.
Чөлөөт бөхийн ази тивийн эрхийн олгох тэмцээн БНХАУ-ын Шиань хотноо гуравдугаар сарын 27-29-ний өдрүүдэд зохион байгуулагдах байсан ч мөн цуцлагдах нөхцөл байдал үүсээд байна.
Харин таеквондогийн ази тивийн эрхийн төлөөх тэмцээн БНХАУ-ын Шиан хотноо дөрөвдүгээр сарын 10-11-ний өдрүүдэд зохион байгуулагдах хуваарьтай байгаа ч одоогоор цуцлагдах эсвэл хойшлох эсэх нь тодорхойгүй байна.