Мэргэжлийн бокс сонирхогчдын дунд явуулсан "2020 онд ямар тулаан үзэхийг хүсэж буй талаарх" санал асуулгад үзэгчид дуу нэгтэйгээр Гари Рассель/31-1/ болон Монголын Н.Төгсцогт /11-0/ нарын тулааныг нэрлэсэн байна.
МУГТ Н.Төгсцогт мэргэжлийн рингэнд нэг ч ялагдаагүй төдийгүй өрсөлдөгч бүрээ илүүрхэн ялсан нь жингийнхээ тамирчдын зүрхэнд шар ус хуруулсаар байгаа нь тодорхой. Үүний нэг илрэл нь түүний жинд дэлхийн аваргын бүсийг эзэмшиж буй Гари Рассель манай тамирчинтай тулалдахаас хэдэнтээ татгалзсан байдаг. Гэвч WBC холбооны зүгээс Гари Рассельд "үүрэг" болгосны дагуу ирэх оны хоёрдугаар сарын 8-ны өдөр тэд тулалдахаар болсон юм.
Хоёр тамирчны тулаан АНУ-ын Пенсильваниа мужийн Аллентаун хотноо зохион байгуулагдах тулааны тасалбар худалдаанд гарч эрэлт ихтэй байгаа бололтой. Тасалбарын үнэ нь суудлын зэрэглэлээсээ хамаарч 30-200 ам.долларын хооронд хэлбэлзэж байна.