Сонирхогчдын боксын тавцангаас мэргэжлийн боксын рингэнд шилжсэн Монголын шилдэг ширэн бээлийтэн ОУХМ Г.Ган-Эрдэнэ мэргэжлийн боксын анхны тулаанаа хийж ялалт байгууллаа.
Тэрээр энэ оноос эхлэн БНСУ-ын мэргэжлийн боксын "Heavy Hitter" компанитай гэрээ байгуулан бэлтгэл сургуулилтаа эхлүүлсэн билээ. Тэгвэл өчигдөр тэрээр мэргэжлийн боксын анхны тулаанаа Филиппин улсын Генерал Сантос хотноо нутгийн тулаанч Пауло Перонотой хийсэн юм. Пауло Переногийн хувьд энэ жил 28 настай буюу манай боксчингоос хоёр насаар ах төдийгүй боксын спортоор 2013 оноос тулалдаж буй тамирчин юм. Гэвч амжилтын хувьд тийм ч сайнгүй буюу манай боксчингийн эхний өрсөлдөгч харьцангуй сул хүн таарлаа. Тулалдах тусам өрсөлдөгч нь улам чангарах нь мэдээж. Г.Ган-Эрдэнийн хувьд дараагийн тулаанаа ирэх сард хийх төлөвлөгөөтэй байгаа юм байна.