Европ тивийг цаг агаарын халуун урсгал дайран өнгөрч байгаа нь Испани улсад ассан ойн түймрийг өрдөж ойрын 20 жилд тохиогоогүй их хэмжээний гарз хохирол учруулж байна. Хамгийн их халж байгаа орнуудад Испани, Франц улсууд багтаж байна. Испанийн хойд, Францын өмнөд нутгаар агаарын температур цельсийн +44 хэмд хүрэх тул ард иргэдэд сэрэмжлүүлэг өгсөөр байгаа юм.
Ойн түймрийг цурманд оруулахаар Испанийн 500 гаруй гал сөнөөгч, цэргийн бие бүрэлдэхүүн тэмцэж байна. Одоогоор Каталан мужийн Таррагонад 5,500 га талбай шатжээ. Түймрийн бүсээс 53 иргэнийг нүүлгэн шилжүүлж, таван замыг хаасан байна. Сүрэг хонь түймэрт шатаж, өтгөн утаа манан татуулсан учир иргэдийг анхаарал болгоомжтой байж түймрийн бүсэд нэвтрэхгүй байхыг анхааруулав.
Ойн түймэр цаашид хүрээгээ тэлж 20,000 га хүртэл талбайг хамарч магадгүй гэж холбогдох хүмүүс мэдээлжээ. Нисэх онгоц, нисдэг тэрэг, трактор болон бусад хүнд машин техникийн тусламжтай түймрийн эсрэг тэмцэж байгаа ч цаг агаарын байдлаас шалтгаалан хүндрэлтэй байгааг гал сөнөөгчид хэлжээ.
Хэт халууны улмаас Итали улсад 72 настай орон гэргүй иргэн галт тэрэгний буудал дээр амиа алдсан байна. Европ даяар нийтийн усан сан, усан оргилуурыг хүйтэн усаар сэлбэж, орон гэргүй хүмүүст ундны ус тарааж хэт халууныг даван гарахаар тэмцэж байна. 2003 онд Франц улсад хэт халууны үед бэлтгэлгүй байснаас 15,000 иргэнээ алдаж байсан гашуун сургамж бий.
Эх сурвалж: www.theguardian.com