Монгол Улсаас БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотод суугаа Ерөнхий консул Д.Мөнх-Эрдэнийг эгүүлэн татах шийдвэрийг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, шийдвэрлэлээ.
Тэрбээр 2016 оны нэгдүгээр сард Засгийн газрын тогтоолоор тус албан тушаалд томилогдсон ч албан үүргээ гүйцэтгэж байх хугацаандаа өөрийн дипломат эрх ямба, дархан эрхээ урвуулан ашиглаж өндөр үнэтэй автомашин БНХАУ-д татваргүйгээр нэвтрүүлсэн байна.
Өөрөөр хэлбэл тэрбээр хүлээн авагч улсын хууль, журмыг хүндэтгэх үүргээ зөрчсөн учир ийнхүү эгүүлэн татлаа. Д.Мөнх-Эрдэнэ нь дипломат эрх ямба, дархан эрхээ урвуулан ашиглаж, өөрийн болон ажилтнуудынхаа нэр дээр өндөр үнэтэй тээврийн хэрэгслийг БНХАУ-д татваргүй нэвтрүүлсэн зөрчил гаргажээ.
Улс орны нэр хүндийг энэ мэтээр унагаж байгаа дипломат албан хаагчдад хариуцлага тооцох тухай саналыг Засгийн газрын хуралдаанд яаралтай оруулж хэлэлцүүлэхийг Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх сайд Д.Цогтбаатарт үүрэг болгов.