Австрали улсын иргэн 29 настай Алек Сигли энэ долоо хоногийн мягмар гарагаас хойш гэрийнхэнтэйгээ холбоо барилгүй сураггүй алга болжээ. Баттай биш ч гэр бүлийнхэн нь түүнийг Умард Солонгосын эрх баригчдад баригдаж саатуулагдсан байж болзошгүй гэж үзэж байна.
Австралийн Засгийн газар уг хэргийг нухацтай авч үзэн холбогдох хүмүүстэй нэн даруй холбогдож нөхцөл байдлыг тодруулахаар ажиллаж байгаа гэдгээ мэдэгджээ. Алек Сигли Австралийн цагаар өглөө бүр ойр дотны хүмүүстэйгээ холбогддог боловч мягмар гарагийн өглөөнөөс хойш сураггүй байгаа юм. Чухам яагаад Сиглийн гэр бүлийнхэн, ойр дотны хүмүүс түүнийг баривчлагдсан байж болзошгүй гэж сэрдэж байгаа нь ч тодорхойгүй ажээ.
Алек Сигли нь Перт хотод төрсөн ба хамгийн анх 2012 онд Умард Солонгост хөл тавьснаас хойш хэд хэдэн удаа очиж байжээ. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд Пхеньянд амьдарч Ким Ир Сений их сургуульд Солонгосын утга зохиол судлалаар мастерын зэрэг хамгаалахаар суралцаж байгаа юм. Тэрээр өөрийгөө Умард Солонгост амьдарч буй цорын ганц австрали хүн хэмээн гэрийнхэндээ хэлсэн удаатай.
Сураггүй алга болоод байгаа Австралийн иргэн Ази судлалаар хэд хэдэн тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаж, Азийн орнуудаар аялж байсан туршлагатай, хятад солонгос япон хэлтэй. Өнгөрсөн жил Сигли Умард Солонгост хуримаа хийж байсан ч эхнэр нь түүнтэй хамт Пхеньянд амьдардаггүй. Сиглийг гадны тагнуулч гэж сэжиглэн баривчилсан байж болох ч Умард Солонгосын тал уу, Хятадын засгийн газраас уу, аль эсвэл эмнэлэгт хүргэгдсэн эсэхийг ч тодорхой хэлэх боломжгүй байна гэв.
Пхеньянд очсон гадны иргэд хууль бус үйлдэл хийсэн, төрийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн зэрэг хэрэгт буруутгагдан баривчлагдах тохиолдол бий. 2014 онд Австралийн иргэн Жон Шорт, 2016 онд Америкийн оюутан Отто Вармбиер нар баригдаж байсан юм.
Эх сурвалж: www.bbc.com, www.theguardian.com