Дотоодын алтны салбарын борлуулалтын орлогыг жил тутам нэг тэрбум ам.долларт хүргэх зорилттой байгаа хэмээн Уул уурхай, Хүнд үйлдвэрийн яам Алтны форумны үеэр мэдэгдсэн юм. Энэхүү бодлогын хүрээнд шороон ордны алт олборлолт давамгайлсан салбараас үндсэн ордны алт олборлолт давамгайлсан салбарт шилжих бодлогыг ойрын таван жилд хэрэгжүүлэхээр болов. Энэ шилжилтийн үе шатанд алтны салбараас олох орлогыг тасалдуулахгүй байх байр суурийг баримтална гэж Уул уурхай, Хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар форумын үеэр дурдав.
Тэрбээр “Шилжилтийн энэ жилүүдэд би өөрийн яамны албан тушаалтнуудад алт олборлогчдод хүнд сурталгүй, мэргэжлийн түвшинд үйлчлэх шаардлага тавьж, нөөцийн тайлан, техник эдийн засгийн үндэслэл, тайлан төлөвлөгөө хүлээн авдаг тогтолцоог тогтмол, тасралтгүй ажиллуулах шаардлагыг тавьж ажиллаж байгаа” хэмээсэн юм.
Төв банкны мэдээлснээр өнгөрсөн онд алт худалдан авалтаар гадаад валютын албан нөөцийн 730 гаруй сая ам.долларыг бүрдүүлсэн байна. Энэ онд Төв банк алт худалдан авалтаа нэмэгдүүлж, 22 тонн хүргэх зорилттой байгаа аж. Алтны салбарыг дэмжих нь эдийн засаг, ханшийн тогтвортой байдалд чухал гэж салбарынхан үзэж байна.
Харин эдийн засагчид алтны салбарын бодлого, байгаль орчны асуудлын уялдаа холбоог хангах, алтны салбарын асуудлыг цогцоор нь, урт хугацаанд хангах шаардлагатай гэсэн байр суурийг илэрхийлсэн юм.
Хайгуулын үйл ажиллагаа хумигдсан, шороон ордны ашиглалтын нөөц шавхагдсан байгаа, хууль бус алт олборлолт зэрэг нь алтны салбарын тулгамдсан асуудал хэмээн Алт үйлдвэрлэгчдийн холбоо тодорхойлов.
Төр засаг, банк дэмжинэ гэдэг ч алтны салбар урагшилдаггүй
Харин алт олборлогчид ямар байр суурьтай байгаа талаар “Хамтын эх” ХХК-ийн захирал В.Ганзориг “Уул уурхайн яамны шат дамжлага бүрт бичиг цаасны асуудал, лиценз зэргээс болж гацдаг. Цаашлаад БОАЖЯ болон “Монгол ус” компани дээр хүртэл ажил урагшилдаггүй. Төр засаг бол нүүрэн дээрэй дэмжиж ажиллана гэдэг ч яг ажлаа явуулах гэхээр бичиг баримт дутуу учир олборлолтоо эхлүүлж чаддаггүй. Дараагийн асуудал бол хөрөнгө мөнгөөр дэмжинэ гээд банкууд дээр очиход нөгөө л нэг бичиг цаасаа нэхдэг. Алт хөтөлбөрийн үед тухайн ордны нөөцийн 50 хувийг улс батлан даагаад банкнаас зээлийг нь олгоё гэж ярьсан боловч хэрэгжээгүй. Одоо бол компаниуд өөрсдөө байгаа үл хөдлөх хөрөнгөө барьцаалан банкнаас зээл авч байна. Нөгөө нэг асуудал бол үнэд ороод байгаа лиценз банкинд ямар ч хэрэггүй, нөөцийг нь барьцаалах ямар ч шаардлагүй болж байгаа юм. Мөнгөгүй болохоор уул уурхайн салбар урагшлахгүй байгаа юм. Манай компани Булган аймгийн Бүрэгхангай суманд үйл ажиллагаа эрхэлдэг. Жил болгон орон нутагтайгаа нийгмийн хариуцлагын гэрээ хийгээд ажилладаг. Тухайн орон нутаг суманд ямар бүтээн байгуулалт хийх талаар гэрээндээ тусгадаг. Орон нутгийн иргэд мэргэжлийн чадвартай бол ажлын байраар хангах боломжтой. Ер нь бол орон нутгийн иргэд олборлолтын үйл ажиллагаанд саад учруулах нь бага байдаг” хэмээсэн юм.
Алтны салбарыг дэмжих нь эдийн засаг, ханшийн тогтвортой байдалд чухал гэж салбарынхан үзэж байна. Тиймээс алтны томоохон ордыг илрүүлэх сэдэвчилсэн суурь судалгааг хийхээс гадна иргэний нийгмийн байгууллага, иргэдэд алт олборлолтын талаарх зөв ойлголтыг хэвшүүлэх нь зүйтэй хэмээн үзэж байгаа юм.