СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Камбож: Хүний наймааны талаар худал мэдээлэл дамжуулсан орчуулагчийг яллав

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
5 жилийн өмнө

 

Оросын RT мэдээллийн сувагт хүний наймаа, бэлгийн хүчирхийллийн талаар баримтат кино бэлдэхэд оролцсон Камбож улсын орчуулагчийг хуурамч материал дамжуулсан хэрэгт буруутган баривчлан саатуулсан юм. Камбож улсын Засгийн газар орчуулагчид хоёр жилийн хорих ял, 17,500 ам.долларын торгууль оноох шийдвэр гаргасан байна.

Ял сонссон орчуулагч Рат Рот Мони нь “Миний ээж намайг зарсан” баримтат киног хийхэд өнгөрсөн жил хамтран ажиллажээ. Уг кинонд камбож эмэгтэйчүүд хэт ядуу буурай амьдарч байгаагаасаа болж төрсөн охидоо худалдаж, бэлгийн боол болгон амь зуудаг тухай өгүүлдэг байна.

Гэвч эрх баригчид үүнийг эрс үгүйсгэж, орчуулагчид оноосон торгуулийн мөнгийг баримтат кинонд гүтгүүлсэн гэх ээжүүдэд хувааж өгөхөөр болжээ. Оросын RT мэдээллийн суваг Камбожийн Засгийн газрын шийдвэрт сэтгэл дундуур байгаагаа илэрхийлсэн юм.

 

 

“Миний ээж намайг зарсан” баримтат кино өнгөрсөн оны 10 дугаар сард YouTube хуудсанд нийтлэгдэж олон нийтийн хүртээл болсон даруйд Засгийн газар баримтыг нягтлан шалгаж эхэлсэн гэв. Кинонд өөрсдийн байр байдлыг ярьж өгсөн ээж болон охиныг мөнгөөр хөлсөлж хуурамч яриа өгүүлсөн гэж үзжээ.

Шүүх хурлын үеэр Кео Малай гэгч эмэгтэй “би охиноо худалдаагүй. Орчуулагч Мони надад хэлэхдээ сөрөг зүйл их яривал илүү мөнгө өгнө гэж хэлсэн” хэмээн мэдүүлэг өгчээ. Гэвч яллагдагчийн эхнэрийн мэдүүлснээр Мони зөвхөн орчуулга хийж хэлмэрчилснээс өөр гэм буруугүй хэмээн хамгаалсан байна.

 

 

Олон улсын хүний эрхийн байгууллагууд Камбожийн Засгийн газар хүний наймаа, тэр дундаа 18-аас доош насны охидыг бэлгийн хүчирхийлэл, хүний наймааны хохирогч болгож байна хэмээн буруутгадаг. Түүнчлэн хэвлэлийн эрх чөлөөгөөр тус улс 180 орноос 143 дугаарт жагсчээ.

 

Эх сурвалж: www.bbc.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.