Өнөөдөр манай улсад төрийн өмчийн эрдэм шинжилгээний 25 хүрээлэнд орон тооны 1600 орчим эрдэмтэн, судлаач ажиллаж байна. Монголын эрдэмтдийн суурь судалгааны бүтээлийн тоо, чанарын үзүүлэлтээр тивдээ 19 дүгээрт орж байна. Энэ бол их өндөр үзүүлэлт. Товчхондоо онолын суурь судалгаагаар бид дэлхийд гологдохооргүй болжээ. Гэхдээ нөгөө талд үйлдвэрлэлд нэвтрүүлж бүтээгдэхүүн гаргах талдаа хоцрогдсон. Энэ нь манайд үйлдвэрлэлийн баз байхгүйтэй холбоотой... Гэвч манай улс шинжлэх ухааныхаа салбарт төсвийнхөө 0,2-хон хувийг зарцуулж байна.../ШУА-ийн ерөнхийлөгч, академич Д.Рэгдэлийн ярианаас/
Харин энэ "орхигдсон" салбарын эрдэмтэн, судлаачидтай Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх уулзаж энэ салбарын өнөөгийн байдал, цаашдын төлвийн талаар санал солилцсон юм.
Энэ үеэр эрдэмтэд Засгийн газар орхигдсон шинжилэх ухааны салбартаа анхаарал хандуулж, шинжлэх ухааны академи, хүрээлэнгүүдэд захиалга өгч ажил гүйцэтгүүлж байх, эдэмтдийн хийж чадах ажлыг гаднаас авахгүй байх, ШУА-ийн нэгдсэн лаборатори, парктай болох, судалгаа, шинжилгээний ажилд шаардлагатай багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжийн гаалийн татварыг хөнгөлөх, өв соёл, уламжлалд суурилсан соён гэгээрүүлэх ажил өрнүүлж монгол судлалыг хөгжүүлэх зэрэгт дэмжлэг үзүүлэхийг Ерөнхий айдаас хүсч байлаа.
Тухайлбал, Академич Б.Пүрэвсүрэн:
"Өнөөдөр байгалийн ухааныг сонирхдог оюутан байхгүй болсон. Энэ бол аймшиг. Энэ аюулаас гарах ёстой" хэмээсэн бол
ШУА-nйн ЭНБД, доктор, профессор Г.Пүрэвдорж:
"Төр засгаас улс орноо хөгжүүлэх эрх, боломжийг эрдэмтэддээ өгөхгүй байна. Тиймээс эрдэмтэд ажилгүй сууж байна. Даалгавар өгөөч" гэсэн юм. Мөн
Түүх, Археологийн хүрээлэнгийн хүрээлэнгийн захирал, доктор С.Чулуун:
"Бидний түүх алга болж байна. Хятад улс Юань гүрнийг, ОХУ Алтан ордны улсыг...гэх мэтээр өмчилж, бид түүхээ алдсаар" байгааг сануулаад их дээд сургуульд элсэгчдээс түүхийн шалгалт авдаг байх, шинжлэх ухааны болон соён гэгээрүүлэх жилийг зарлахыг санал болгож байлаа.
Харин Ерөнхий сайд цаашид эрдэмтэн, судлаачидтайгаа хамтарч ажиллахаа онцлоод ирэх есдүгээр сард улсын зөвлөгөөн зохион байгуулж, хүндрэл бэрхшээл, тулгамдаж байгаа асуудал, шийдвэрлэх арга замын талаар ярилцахаа амлалаа.