АНУ-ын Жеоржиа мужийн Камминг хотод энэ сарын 6-ны өдөр хийсэн цочирдом бичлэгийг олон нийтэд дэлгэжээ. Атланта хотоос 50 км орчим зайтай жижиг хотын ой модон дотор дөнгөж төрөөд хэдхэн цаг болсон нярайг хогийн гялгар уутанд хийж хаясан байсныг олжээ.
Уг бичлэгийг олон нийтэд хүргэхдээ хотын цагдаагийн газраас нярайг хаясан хэргийг үргэлжлүүлэн шалгаж байгаа гэжээ. Мөн хэрэгтэй холбоотой мэдээллийг олон нийтээс авна гэж найдсан тул бяцхан нярайн бичлэгийг олон нийтийн сувгаар цацсан болохыг тайлбарлажээ.
Бичлэгээс харахад шар өнгийн хогийн гялгар уутыг нээхэд дотор нь хүйгээрээ ороосон дөнгөж төрсөн нярай уйлсаар байгаа юм. Холбогдох албаны хүмүүс нярайг эмнэлэгт аваачсан ба түүний ээжийг эрэн сурвалжилж хайсаар байна. Эсэн мэнд торниж буй бяцхан охиныг Индиа хэмээн нэрлэжээ.
Эх сурвалж: www.cnn.com