Хөрсний ус ихээр гардаг нийтийн зориулалттай орон сууцны байрнуудын ашиглалт, үйлчилгээг хариуцан ажилладаг хувийн орон сууц нийтийн аж ахуйн 2 холбоо, сууц өмчлөгчдийн холбоодын хоёр дахь удаагийн уулзалт өнөөдөр болжээ.
Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт 2018 оны долдугаар сарын 17-ны өдрөөс 24-ны өдрүүдэд усархаг аадар бороо орсны улмаас Хан-Уул дүүргийн 3, 11, 15-р хороо, Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрийн нийт 45 барилга байгууламжийн зоорийн давхарт хөрсний ус нэвчин орж ирсэн шалтгааныг тодруулах ажлыг ШУТИС-ийн Барилга, Архитектурын сургуулийн Я.Дүйнхэржав, С.Нямдорж зэрэг эрдэмтэн судлаачдаар учир шалтгааныг тодорхойлсон судалгааны ажил хийлгэсний дүгнэлтийг өнөөдрийн уулзалтад танилцуулж, “Барилга, байгууламжийн газар доорх хэсгийн ус, чийгний хамгаалалт” гарын авлага зөвлөмжийг үнэ төлбөргүй тараах шийдвэр гаргасан байна.
Хуралдаанд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Инженерийн байгууламжийн хэлтэс, Нийслэлийн Онцгой байдлын газар, Улаанбаатар хотын Шуурхай удирдлага, зохицуулалтын төв ОНӨТҮГ, Орон сууц нийтийн аж ахуйн Мэргэжлийн холбоо ТББ, Хувийн орон сууц нийтийн аж ахуйн хөгжлийн төв ТББ, Монголын сууц өмчлөгчдийн холбоодын дээд зөвлөлийн хариуцсан албан хаагчид болон 6 орон сууцны контор, 12 СӨХ-ийн төлөөлөл нийт 28 хүн оролцжээ.