СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2019-06-26

Соёлын наадмын хөтөлбөр гарчээ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

Б.Мөнхзул, Л.Ариунболор

Морь гараанаас гарч барианд орох хүртэл наадамчин олон та бүгд юу хийхээ шийдээгүй байгаа бол, монгол наадмыг сонирхохоор ирсэн гадаад найз, жуулчиддаа юу үзүүлэхээ мэдэхгүй тээнэгэлзэж байгаа бол ахуй соёлоо нэг дор сурталчилж, өөрийн биеэр оролцож, суралцах боломжтой “Соёлын наадам”-ыг санал болгоё. Соёл урлагийн их сургууль, Монголын урлагийн зөвлөлтэй хамтран Хүй долоон худагт зохион байгуулдаг уг наадам 12 дахь жилдээ ирэх сарын 11, 12-нд болох бөгөөд уг наадмын хөтөлбөр гарчээ. Соёлын өвийг музейд хадгалах бус монголчууд өөрсдөө оролцож, хийж, бүтээлцэж байж үүнийгээ хадгалан үлдэж, өвлүүлэн түгээх билээ. Соёлын өвийг түгээн дэлгэрүүлэх зорилгоор шинэлэг агуулга, сонирхолтой хөтөлбөрүүдээр өргөжүүлэн, наадамчин олонд хүргэх гэнэ. Та Соёлын наадмаар зочилсноор зурагтаар, эсвэл тайзан дээрээс, үзэсгэлэнгийн танхимд үздэг зүйлсээ өөрөө хийж, хамтран оролцож, суралцан ярилцах боломжтой. Ингээд энэхүү наадамтай холбоотой зарим сонирхолтой мэдээллээс хүргэе.

Нум сум яаж хийдгийг харж байсан уу

Хүннүгийн үед үүсч, XIII зуунд дэлхийг байлдан дагуулахад гол зэвсэг болж явсан нум сумыг монголчууд хэрхэн хийдэг байсныг та мэдэх үү. Таны найзууд, жуулчид сонсож байсан болов уу. Тэгвэл Соёлын наадмын өртөөнд нум сум яаж хийдгийг, ямар материал хэрэгтэйг нэг бүрчлэн танд харуулна. Үүх түүх, үүсэл гарлыг нь мэдэхийн зэрэгцээ монгол хүн болсных нумаа нэг эвшээлгэж, сумаа нэг тавьж үзвэл ямар вэ. 

Дэмбээ мэдэх үү хө

Дэмбээ гэж мэдэх үү хө. Энгийнээр тайлбарлавал уянгалан дуулангаа уралдан таалцах урлаг. Оролцогч хоёрын гаргасан хуруу хэн нэгнийх нь хэлсэн тоотой таарч байвал хожил авна. Энэ мэтээр хурд, авхаалж самбаа, заль мэх, үг хэлний тод яруу, харааны хурц нарийн мэдрэмжээ хөгжүүлдэг тоглоомоор “үзээд алдвал” хөгжилтэй байх болно. 

Аргал түүж , сур элдэж, ноос савж үзсэн үү

Тэр бүр хөдөө явж чаддаггүй хотын бидэнд хөдөө айлд очсон ч араг үүрч, савар бариад аргалд явах боломж тэр бүр олдохгүй нь мэдээж. Үлгэр, домгийн ч юм шиг санагдах болсон энэ уламжлалаа бид мартахгүйн тулд өөрөө хийж үзэж, суралцангаа цагийг зугаатай өнгөрүүлэх боломжтой. Мэдээж аргал түүж байхдаа авахуулсан зураг тань “күүл” байх нь тодорхой. Түүгээр зогсохгүй, та ноос савж, сур элдэх ажилд оролцож, суралцаж болно. Найз нөхөдтэйгөө хэн нь сайн ноос савж, сур элдэж чадахаа үзэж, тэмцээн зохиосон ч болох юм. Нэг үгээр хэлбэл, малчин монголчуудын өдөр тутмын амьдралын ажил хөдөлмөрийг хийж үзэх алдаж боломгүй боломж шүү.  

Цор ганц урласан гар урлалын бүтээгдэхүүнтэй болоорой

Дэлхийд хамгийн өндөр үнээр борлуулагддаг гар хийцийн бүтээгдэхүүнүүд мэдээж цор ганц урлагдсан, нөр их хөдөлмөр орсон гэдгээрээ үнэ цэнэтэй. Харин монгол ахуйн гар урлалын бүтээгдэхүүнүүд таны найз, жуулчдад хамгийн хэрэгтэй зүйлс байх болов уу. Урласан бүтээлийг нь урлаачид нь борлуулж байвал бүр ч догь. Хэрэв хүсвэл та энд өөрөө ч урлах, урлахад суралцах боломжтой.

Ардын язгуур урлагийн амьд тоглолтыг та жилд хэдэн удаа сонсдог вэ 

Үндэсний их баяр наадмаас салгаж боломгүй ойлголт бол мэдээж ардын урлаг. Та Соёлын наадамд ирснээр урлаг соёлын алдартан, мэргэжилтнүүдийн ардын урлагийн тоглолтыг үзэж сонирхож, хамтдаа дуулж, бүжиглэх, суралцах боломжтой. Мөн ардын аман зохиол болох үлгэр тууль хайлж, шидэт түүхүүдийг хүүрнэнэ.

Айрагны баяр

Нутаг нутгийн шилдэг брэнд айраг, цагаан идээ, орон нутгийн онцлогтой гараар урласан бүтээгдэхүүн борлуулагдаж байгаа учраас та амттай, сайхан айраг идээгээ эндээс амсаж болно. Мөн айраг уунгаа дэмбээдэж, хуруудаж наадамлаарай.

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.