Улсын Их Хурлын гишүүн Ж.Мөнхбат Архангай аймгийн Хотонт сумын иргэд, сонгогчдодоо Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг танилцуулж, иргэдээс Үндсэн хуульд тусгуулах санал авах үйл ажиллагааг LIVE TV шууд дамжуулан хүргэж байна.
УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат:
Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудал сүүлийн хоёр УИХ-ын бүрэн эрхийн хугацаанд яригдаж, эрдэмтэн судлаач, хуульчдаас бүрдсэн баг гарч судалсны эцэст өнөөдрийг төслийг боловсруулсан. Гадаадын эрдэмтэн судлаачид хэлэхдээ “Аливаа улс орон нийгмийн хурдацтай хөгжлөөс шалтгаалан Үндсэн хуулиа 20 жил тутамд өөрчилж байна. Танай Үндсэн хууль түүхэн үүргээ гүйцэтгэсэн учраас өөрчлөхөд буруудах зүйл байхгүй” гэж хэлсэн. 1990 оны ардчилсан хувьсгалаас хойш улс орны амьдрал, иргэдийн хандлага харилцаанд эрс өөрчлөлт гарсан. Тиймээс орчин цагийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн Үндсэн хуулиа өөрчлөх зайлшгүй шаардлага бий болсон учраас Үндсэн хуульд нэмэлтээр оруулах гэж буй өөрчлөлтөө УИХ-ын даргын захирамжийн дагуу иргэд, сонгогч та бүхэндээ танилцуулж байна. Та бүхэнд Үндсэн хуульд оруулах гэж буй нэмэлт өөрчлөлтийн төслийг өгчихсөн байгаа учраас би зүйл заалт бүрээр ярихаа больё. Харин бодлогын гол гол ямар өөрчлөлт орж буйг ярина. Үндсэн хуульдаа дараах өөрчлөлтийг хийнэ. Үүнд:
1. Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулахдаа УИХ-ыг хариуцлагажуулж байгаа. “Төгөлдөр хуур” гэх нэршил буюу бусад гишүүдийн өмнөөс кнопыг нь дарж хууль баталдаг явдлыг халсан. 76 гишүүнтэй парламенттай атлаа тэдний 20 хүн нь хууль баталдаг явдлыг Үндсэн хуулиар халж хамгийн багадаа 39 гишүүний саналаар хуулийг баталдаг болгож байна.
2. УИХ-ын гишүүдийн 93 хувь нь давхар дээлтэй байсныг болиулж, хамгийн дээд тал нь 4 гишүүн давхар дээлтэй байж болдог болголоо. Ингэснээр УИХ-ын дархлаа өндөрсөнө.
3. УИХ-ын 2/3 нь бүрэн эрхээ хэрэгжүүлэх чадамжгүй гэж үзвэл, эсвэл УИХ бүрэн эрхээ хэрэгжүүлснээс хойш 30 хоногийн дотор Ерөнхий сайдаа томилж чадаагүй бол тардаг болно.
4. УИХ-аас Засгийн газрын гишүүнийг томилдог явдал дуусгавар болно.
5. Засгийн газраас өргөн барьсан төсвийг 76 талаас нь дайрч, бусниулдаг явдал дуусгавар болно.
6. Сонгууль бүрийн өмнө өөртөө ашигтай байдлаар сонгуулийн хуулийг өөрчлөн баталдаг явдлыг таслан зогсооно.
7. Сонгууль бүрийн дараа төрийн албан хаагчдыг үндэслэлгүйгээр хуугаар нь ажлаас нь халдаг явдал байхгүй болно.
8. Амьдралын хал үзэж, хат суусан хүнийг Төрийн тэргүүнээр сонгогддог болгохын тулд насны босгыг 55-аас дээш болгон өөрчилж байна.
9. Шүүх эрх мэдлийг улс төрөөс ангид болгож, мэргэшсэн байдлыг бий болгохын тулд бүх шатны шүүхийн Ерөнхий шүүгчийг улс төрч бус харин шүүгч нар өөрсдөө сонгодог болгон өөрчилнө.
10. Шүүгч нартай хариуцлага тооцдог явдал байхгүй байсан. Тиймээс ёс суртахууны талаас нь хариуцлага талаас нь хяналт тавьдаг огцруулдаг механизмыг бий болгоно.
11. Багийн Засаг дарга нарыг иргэд сонгодгийг болиулна. Харин сумын Засаг даргаа иргэд нь өөрсдөө сонгодог болгоно.
12. Дэлхий нийтэд өндөр хөгжсөн жишгийг нэвтрүүлж хотын даргаа иргэд нь өөрсдөө сонгодог болгодог өөрчлөлтийн төслийг өргөн барилаа. 4 бүлэг 20 заалтыг оруулах гэж байгаа тул та бүхэн минь саналаа хэлнэ үү гэв.
Архангай аймгийн Хотонт сумын иргэн Л.Дашрэнцэн:
Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт оруулахад өгөх хэд хэдэн санал байна. Ажиглаад байхад манай хөрш орнууд Ерөнхийлөгчийн засаглалтай. Ерөнхийлөгчийн засаглалтай учраас хөгжөөд байгаа юм шиг санагддаг. Бид засаглалын хэлбэрээ өөрчилж болох уу. Хоёрдугаарт хуучин Улсын бага хурал гэж байдаг байсан. Улсын бага хурлыг дахин шинээр бий болгочихвол зүгээр юм шиг санагддаг. Тухайлбал манай сум төлөөллөө сонгоод, тэр нь жилд нэгээс хоёр удаа хуралдаад ард иргэдэд тулгамдаад байгаа асуудлаа хэлэлцээд шийдчихдэг байвал зүгээр санагддаг. Сумын засаг даргаа ард иргэд нь сонгодог, тэр нь багийн засаг даргаа томилдог асуудал нь зүгээр юм шиг байна. Гэвч сумын засаг даргад нэр дэвшиж байгаа хүн намаас дэвшиж болохгүй ээ. Сонгуульд нэр дэвшихийн тулд намын батлахаа өгөөд дэвшвэл зүгээр. Монгол Улсын хууль муудаа биш, харин төрд гарч байгаа хүмүүсийг хуулийг хэрэгжүүлдэггүй, шударга бус байгаа учраас энэ завхрал бий болсон юм болов уу гэж боддог. Хуулийг өөрчиллөө гэвч даган биелүүлэхгүй байвал асуудал байсаар байх юм биш үү.
Архангай аймгийн Хотонт сумын иргэн Гүндсамбуу:
Үндсэн хуулийн өөрчлөлтөд сонгогчдын эрх ашгийг хамгаалсан зүйл заалт байхгүй байна. Яагаад гэхээр сонгож томилсон их хурлын гишүүнээ эргүүлэн татдаг хуулийн өөрчлөлтийг хийх ёстой. Сонгогдож илгээгдсэн хүн нь өөрийнхөө эрх ашгийг бодоод явчихдаг их хурлын гишүүн байдаг. Тийм хүнээ буцаан татах, түдгэлзүүлэх эрхтэй байх өөрчлөлтийг Үндсэн хуульдаа оруулах хэрэгтэй. УИХ-ын гишүүд олдоод байна. Зуун ямаанд жаран ухаанд гэгчээр. 76 гишүүнийг 56 болгох хэрэгтэй. Ард түмнээсээ идэж уусаар байгаад 4 жил болж байна тиймээс цөөлөх ёстой гэв.