Их Британийн ханхүү Харри Америкийн жүжигчин Меган Мэрклтэй хуримаа хийж бяцхан ханхүүгээр бүл нэмээд удаагүй байгаа билээ. Хатан хааны гэр бүлийн жил бүрийн санхүүгийн тайлан мэдээнд Харри, Меган нар татвар төлөгчдийн мөнгөнөөс гурван сая ам.доллар буюу 2,4 сая фунт стерлинг авч өргөө гэрээ шинэчлэн зассан тухай дурдсан байна.
Харригийн албан ёсны гэр Лондоны баруун хэсэгт Виндсорт байдаг Фрогмор Коттэж юм. Энд таван тусдаа унтлагын өрөө байсныг нэгтгэж нэг том болгон орчин үеийн тав тухтай харш болгон өөрчилжээ. Энд байсан зуухыг гаргаж дээврийг янзлан, шатнуудыг шинэчилж ээж хүү хоёрт зориулсан хөдөлдөг шалтай иогийн өрөө хийсэн гэж хэвлэлүүдэд бичсэн байна.
Гэвч Букинхэмийн ордноос иогийн өрөөний талаарх мэдээллийг худал гэж анхааруулжээ. Барилгын засварын ажлын үеэр хуучин шалыг нураахгүйн тулд түр зуур хамгаалах үүднээс гал тогооны өрөөнд хөдөлдөг шал суурилуулсан гэжээ.
Шинэ тавилга, бусад чимэглэлийг Сассексын гүн болон гүнгийн авхай өөрсдийн мөнгөөр худалдаж авсан байна. Их Британийн Sovereign Grant төсвийн байгууллагын мэдээгээр хатан хааны гэр бүлийн зардал 2018-2019 оны хооронд 41 хувиар өсчээ. Тодруулбал сүүлийн жилд 67 сая фунтыг татвар төлөгчдийн мөнгөнөөс авч үрж зарсан байна.
Хатан хааны гэр бүлийг эсэргүүцдэг Republic группээс татвар төлөгчдийн мөнгийг үрж зарах нь хэрээс хэтэрч байна хэмээн хурцаар шүүмжилжээ. Өргөө харшаа шинэчлэхээс гадна хэрэгцээгүй аялал зугаалгад хэт их мөнгө үрж байна гэж үзжээ.
Эх сурвалж: www.cnn.com