Төгөлдөр хуурч Б.Бат-Эрдэнэ дэлхийн урлагийн олимп гэгддэг П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын хөгжмийн их наадмаас "Шилдэг концертмейстер" түүхэн шагналыг Монголоос анх удаагаа хүртлээ.
ОХУ-д П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын уралдаан энэ цаг мөчид үргэлжилж байгаа бөгөөд Б.Бат-Эрдэнэ финалын 3-р шатандаа энэхүү нэр хүндтэй шагналыг хүртэж дэлхийн шилдэг төгөлдөр хуурч гэдгээ эх орныхоо нэрийн хамт олон улсад тунхаглан зарлалаа.
Төгөлдөр хуурч Б.Бат-Эрдэнэ нь Италийн Триэсти хотын”У.Тартинийн нэрэмжит Хөгжмийн их сургууль”-д бакалавр зэрэг, Удинэ хотын “Ж.Томадинийн нэрэмжит Хөгжмийн их сургууль”-д магистрын зэргээ хамгаалж төгссөн бөгөөд суралцаж байх хугацаандаа олон улсын олон тэмцээн уралдаануудад тэргүүн болон дэд байруудыг эзэлж байсан, Монгол улсынхаа сонгодог урлагийн нэрийг өндөрт өргөсөөр байгаа гайхалтай уран бүтээлч юм.
Одоогоос хэдхэн жилийн өмнө МУГЖ Г.Ариунбаатар энэхүү уралдааны дууны төрөлд түрүүлж Монголын дуурийн урлагийг дэлхийд таниулж байсан бол өнөөдөр төгөлдөр хуурч Б.Бат-Эрдэнэ маань "Шилдэг концертмейстер" шагналыг хүртсэнээрээ Монголын мэргэжлийн хөгжмийн салбарыг дэлхийд ийнхүү таниулж байна.
Төгөлдөр хуурч Б.Бат-Эрдэнэ нь тоглолт, уран бүтээлийнхээ хажуугаар одоо Хөгжим бүжгийн коллежид төгөлдөр хуурын багшаар ажиллаж өөрийн мэдлэг, туршлагаа сурагчид болон бусад төгөлдөр хуурчиддаа хуваалцсаар байгаа өнөө цагийн үлгэр жишээ төгөлдөр хуурчдын нэг мөн билээ.
Б.Бат-Эрдэнэ нь бага наснаасаа эхлэн өөрийн орондоо төдийгүй олон улсад зохион байгуулагдсан төгөлдөр хуурчдын уралдаан тэмцээнд амжилттай оролцон тэргүүн болон дэд байруудыг эзэлж байсан түүхтэй. Эдгээрээс доор товчхон танилцуулъя.
-2011 онд Францын Парис Хотод зохион байгуулагдсан Милош Магины нэрэмжит олон улсын төгөлдөр хуурчдын уралдаанд тэргүүн байрыг эзэлсэн.
-2011 Монгол улсад болсон "Шопен ба Монгол 21-р зуун" олон улсын төгөлдөр хуурчдын уралдаанд тэргүүн байрыг эзэлсэн.
-2012 онд Итали улсын Триэстэ хотын "Friuli Venezia Giulia" oлон улсын уралдаанд 3-р байрыг эзэлсэн.
-2013 онд Испанийн Мадрид хотод зохион байгуулагдсан "Villa de Madrid" олон улсын төгөлдөр хуурчдын уралдаанд тэргүүн байрыг эзэлсэн.
-2014 оны 10 дугаар сард Италийн Венец хотод зохион байгуулагдсан "Premio Venezia" төгөлдөр хуурчдын уралдаанд 4-р байрыг нь эзэлж, улмаар тус уралдааны төгсгөлд Венец хот дахь Дэлхийн алдартай театруудын нэг болох La Fenice театрт өөрийн концертыг тоглосон юм. Энэхүү томоохон уралдаанд Итали улсад сурч буй шилдэг оюутнууд оролцдогоороо онцлог юм.
-2015 онд Польшийн Варшав хотноо зохион байгуулагдсан Фредерик Шопений нэрэмжит олон улсын төгөлдөр хуурчдын уралдааны урьдчилсан шатны шалгуурт тэнцсэн амжилтыг гаргасан.
-2016 онд Төрийн соёрхолт, Чингис хаан одонт, МУУГЗ, хөгжмийн зохиолч Б.Шаравын нэрэмжит мэргэжлийн уралдаанд Шилдэг Концертмейстер шагналыг тус тус хүртсэн билээ.
-2019 онд П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын хөгжмийн их наадмаас "Шилдэг концертмейстр" шагнал хүртсэн.
Түүнчлэн Б.Бат-Эрдэнэ нь өөрийн бие даасан концертоо эх орондоо төдийгүй дэлхийн томоохон хотуудын урилгаар тоглож байсан бөгөөд хамгийн сүүлд 2016 оны тавдугаар сарын 1-ний өдөр Монгол улсын филармонийн танхимд дэлхийн сор болсон шилдэг бүтээлүүдээр “Precipitato” нэртэй бие даасан концертоо мөн амжилттай хийсэн.