Холливудын жүжигчин Роберт Де Ниро, “Матрица” киноны Морфеусын дүрд тоглодог Лоуренс Фишборно, зохиолч Стивен Кинг нар Америкийн Ерөнхийлөгчийн сонгуульд хөндлөнгөөс оролцсон Оросын засгийн газар, Москватай хэлцэл хийсэн Ерөнхийлөгч Дональд Трамп нарыг буруутгасан сурталчилгааны роликт тоглосон байна. Сурталчилгааны дүрс бичлэгийг NowThis сайт дээр байрлуулжээ.
Шоу бизнесийн одууд дүрс бичлэг дээр Д.Трампыг Ерөнхийлөгч болгохын тулд Москвагийн явуулсан “нууц ажиллагаа”-ны талаар ээлжлэн ярьж байна. Сурталчилгаа бэлтгэгчид 2016 оны Ерөнхийлөгчийн сонгуульд оросууд оролцсон гэсэн хэргийг мөрдсөн тусгай прокурор Роберт Мюллерийн илтгэлийг үндэслэн бүтээжээ. Дүрс бичлэгийн төгсгөлд сурталчилгаанд оролцогчид Цагаан ордны тэргүүнд хариуцлага тооцохыг шаардаж байна.
Сурталчилгаанд мөн жүжигчин Мартин Шин, София Буш, найруулагч продюссер Роберт Райнер нар оролцсон байна.
Тусгай прокурор Роберт Мюллер мөрдөн шалгасан ажлынхаа үр дүнг өнгөрсөн тавдугаар сард мэдээлсэн юм. Тэрээр зөвхөн Д.Трампын Москватай холбоотой байсан тухай ч биш бас өөрийнх нь мөрдөн шалгах ажилд саад хийх гэсэн оролдлогын талаар мэдээлсэн. Тэрээр энэ илтгэлээ танилцуулаад албан тушаалаасаа огцорч байгаагаа мэдэгдсэн юм.
Түүнийхээр бол Москва үнэхээр АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Оросын тагнуулын байгууллагаараа дамжуулан хөндлөнгөөс нөлөөлсөн гэдэг нь Америкийн Ардчилсан намаас WikiLeaks сайтад өгсөн материалаар нотлогдож байгаа, харин Д.Трамп Оростой яриа хэлэлцээр хийсэн гэсэн баримт олдоогүй гэнэ.
Х.Өлзийбаяр
"Ардчилал таймс" сонин