СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2019-06-25

LIVE: УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатад Архангайн иргэд ҮХ-д оруулах өөрчлөлтийн саналаа хэлж байна

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.БУДРАГЧАА
4 жилийн өмнө

 

Улсын Их Хурлын гишүүн Ж.Мөнхбат Архангай аймгийн Хашаат сумын иргэд, сонгогчдодоо Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг танилцуулж, иргэдээс Үндсэн хуульд тусгуулах санал авах үйл ажиллагааг LIVE TV шууд дамжуулан хүргэж байна.

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат:

“Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг гурван шатны хэлэлцүүлгээр баталдаг журамтай. Ингээд миний бие өөрийнхөө тойргийн иргэд сонгогчидтойгоо уулзаж, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг танилцуулах, тус хуульд оруулах саналыг иргэдээс авах ажлын хүрээнд энэхүү уулзалт, хэлэлцүүлгийг хийж байна.


Өнөөдрийн уулзалт маань Хашаат сумын төвд болж байгаа бол наадмын дараа бүх багуудад болж, хүн болгонд Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтөө танилцуулсны үндсэн дээр батална.
Үндсэн хуулийг өөрчлөх асуудал олон жил яригдсан. Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийг сүүлийн хоёр парламентыг дамжсан ажлын хэсгүүд хэлэлцэж, ард иргэдээс санал авсны үндсэн дээр УИХ-д өргөн барьсан. Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг өргөн барьснаас хойш УИХ нэг сарын турш өөр ямар ч хууль, тогтоолыг хэлэлцэхгүй гэх хуулийн заалттай. Ямар өөрчлөлт оруулах гэж байгаа вэ гэхээр

1. Байгалийн баялгийг нийт ард иргэдэд тэгш хуваарилах зарчмыг Үндсэн хуулиндаа тусгаж өгнө.
2. Шүүх засаглалын хараат бус байдлыг бий болгоно.
3. Нэг хүний засаглалаас зайлхийж, парламентын засаглалыг төгөлдөржүүлнэ.
4. УИХ-ын байнгын ажиллагаатай байх нөхцөл шаардлагыг өндөрсгөж өгсөн. УИХ-ын гишүүн чуулганы хуралдаанд ганцаараа ороод ойр хавийнхаа хүний кнопыг дарж хууль баталдаг байсан буруу жишгийг энэ парламент халж чадсан.
5. Одоо УИХ-ын гишүүд хавар, намар 50 өдөр чуулдаг байсныг 75 болгож, 50 хувиар нэмсэн.
6. Үндсэн хуулийн өөрчлөлтөөр УИХ-ын гишүүд давхар дээлтэй байхыг халж байгаа. Ердөө 4 гишүүн л давхар дээлтэй байж болохоор хуульчилж байгаа.
7. УИХ ажлаа хийж чадахгүй байвал хугацаанаасаа өмнө тардаг хуулийн зохицуулалтыг тусгаж өгсөн.
8. Ерөнхий сайд нь Засгийн газрын гишүүдээ томилох чөлөөлөх эрхтэй болгож байгаа. УИХ зөвхөн Ерөнхий сайдыг л томилдог болгож байгаа.
9. Төрийн албан хаагчдыг улс төрийн шалтгаанаар халахыг хориглох өөрчлөлтийг оруулах гэж байна. Сонгууль бүрийн дараа төрийн алба хуугаараа өөрчлөгддөг явдал халагдаж байгаа. Ажилласан жил, гаргасан амжилтаараа шатлан дэвждэг мэрит зарчмыг Үндсэн хуулиндаа тусгана.
10. Ерөнхийлөгчид нэр дэвших насны босгыг өндөрсгөж 55 болгоно гэв.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.