СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Гүржүүд зорьсондоо хүрч, францчууд болон чехүүд дахин жагсав

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

Ц.Даваасамбуу

Хүн нэг дор 8-10 мэдээлэл хүлээн авах чадвартай бөгөөд үүнээс 1-2 мэдээлэл хүний тархинд хамгийн гүнзгий тусч үлддэг гэдэг. Өнөөдөр Монголын үзэгч, уншигч дэлхийн мэдээ үзэхдээ 1-2 биш бүр 8-10 хувьсгал эсвэл томоохон эсэргүүцлийн жагсаалын талаар мэдээлэл хүлээн авч байна. Тунис, Египет, Ливи, Хятад, Орос, Кувейтэд жагсана. Жагсаалгүй өдөр, хувьсгалгүй долоо хоног алга. Зөвхөн өнгөрсөн амралтын өдрүүдэд болон өчигдөр л гэхэд 10 мянгаас дээш хүн оролцсон эсэргүүцлийн томоохон гурван жагсаал боллоо.

ЧЕХЭД ХИЛЭН ХУВЬСГАЛААС ХОЙШИХ ХАМГИЙН ТОМ ЖАГСААЛ БОЛЛОО

Ашиг сонирхлын зөрчил болон Европын холбооны хэд хэдэн сангаас мөнгө завшсан хэрэгт нэр холбогдоод байгаа Чехийн Ерөнхий сайд Андре Бабишийг огцрохыг шаардаж, Прага хотод томоохон жагсаал өрнөлөө. Жагсаалд Чехийн алслагдсан бүс нутгаас хүртэл олон зуун хүн ирж оролцсон бөгөөд нийт 250 мянга орчим хүн оролцсон ажээ. Энэхүү жагсаал нь Чех Улсад коммунизм нуран унаснаас буюу 1989 оны Хилэн хувьсгалаас хойших хамгийн том жагсаалд тооцогдож байна. Жагсагчид тэрбумтан, популист улстөрч Андрей Бабишийг Чехийн хууль, шүүх тогтолцооны бие даасан байдалд халдаж, ардчилалд аюул учруулж байна гэж үзэж байгаа юм. Гэвч Ерөнхий сайд Андрей Бабиш огцрох үндэслэл байхгүй гэж өөрийгөө өмгөөлсөөр байгаа билээ. Чехийн Ерөнхий сайд Андрей Бабишийг эсэргүүцсэн жагсаал Хууль зүйн шинэ сайдын томилгооноос эхтэй.

Учир нь Бабишийг Европын холбооноос олгодог санхүүжилтийн талаар ашиг сонирхлын зөрчилтэй шийдвэр гаргасан эсэхийг прокурорууд шалгаж байсан юм. Гэтэл Хууль зүйн шинэ сайд Марие Бенесова Андрей Бабишийн Ерөнхий сайдтай холбоотой хэргүүдийг мөрдөн шалгахын тулд парламентын дархан эрхийг нь цуцлах хүсэлтийг няцааж санал өгсөн байна. Чехэд өнгөрсөн дөрөвдүгээр сараас хойш олныг хамарсан жагсаал үе үе зохион байгуулагдаж байсан бөгөөд энэ сарын 5-нд болсон эсэргүүцлийн жагсаалд 120 мянган хүн оролцсон юм. Хуучин коммунист намын гишүүн байсан Андрей Бабиш нь хөрөнгө чинээгээрээ улсдаа хоёрт ордог нөлөө бүхий хүн юм. Тэрбээр 2017 онд “ANO” популист намыг тэргүүлэн засгийн эрхэнд гарч ирэхдээ төр дэх авлига, хээл хахуулийг зогсооно, нэгдсэн Европын үзэл суртал дор улс орноо хөгжүүлнэ гэх зэрэг амлалт өгч байсан. 

ГҮРЖҮҮД ЗОРЬСОНДОО ХҮРЭВ

Өнгөрсөн пүрэв гарагийн оройноос Гүржийн сөрөг хүчнийхэн жагсаал хийж, олон мянган жагсагч парламентын байр руу нэвтрэхийг завдсан билээ. Жагсагчид Гүржийн Парламентын дарга Иракли Кобахидзе болон бусад эрх баригчийг огцрохыг шаардаж байсан юм. Олон улсын хэвлэл мэдээллийн агентлагийн мэдээлснээр Гүржийн нийслэл Тбилиси хотод 10 мянган хүн жагсаалд нэгджээ. Олон нийтийг хамарсан ийм жагсаал өрнөсөн шалтгаан нь Оросын Төрийн думын гишүүн Сергей Гаврилов болон бусад төлөөлөгч Олон улсын үнэн алдартны шашинтны ассамблейн XXVI хуралд оролцсонтой холбоотой. Оросын төлөөлөгчдийн тэргүүн Сергей Гаврилов Гүржийн парламентын даргын суудалд сууж, хурлыг нээсэн нь Гүржийн сөрөг хүчнийхний эгдүүцлийг төрүүлжээ. Тэд парламентын даргын суудал дээр Оросын төлөөлөгчийг суулгасан нь Гүржийг доромжилсон үйлдэл гэж үзсэн байна. Ингээд сөрөг хүчний гишүүд хурлыг орхин гарч, хуралдааныг зогсооход хүрчээ.

Үүний дараахан радикалууд парламентын байрыг эзлэн авч, Гавриловыг усаар шүршиж, бичиг баримтыг нь булаан авахыг оролдсон юм. Уг үйл явдалтай холбогдуулан цагдаа нар нулимс асгаруулагч хий, резинэн сум ашиглан жагсагчдыг хэд хэдэн удаа тараахыг оролдсон ч бүтэлгүйтсэн. Жагсагчдыг тараах гэж оролдох үеэр 240 хүн, цагдаагийн 38 ажилтан гэмтэж, бэртжээ. Мөн нэлээн хэдэн жагсагчийг баривчилсан байна. Тэгвэл жагсагчид өчигдөр зорьсондоо хүрч, тус улсын Парламентын дарга Ираклия Кобахизе болон Дотоод хэргийн сайд Георгия Гахарий нар огцрохоо мэдэгдэж, эсэргүүцлийн ажиллагааны үеэр баривчлагдсан хүмүүсийг суллах, парламентын ээлжит бус сонгуулах явуулах асуудлаар Засгийн газартай хэлэлцээ хийх гэсэн шаардлагыг эрх баригчид нь хүлээн авчээ.

“ШАР ХАНТААЗТНУУД”-ЫН 32 ДАХЬ УДААГИЙН ЖАГСААЛ

Франц Улсад болсон “Шар хантаазтнууд”-ын энэ удаагийн жагсаалд 12 мянга орчим хүн оролцсон тухай тус улсын Дотоод хэргийн яамнаас мэдээлжээ. Өнгөрсөн долоо хоногийн бямба гарагт буюу энэ сарын 15-нд болсон жагсаалд 7000 хүн оролцсон байна. 32 дахь удаагийн эсэргүүцлийн ажиллагаа өнгөрсөн бямба, ням гарагт Тулуз, Лион, Марсел болон бусад томоохон хотод зохион байгуулагджээ. Шатахууны татварыг нэмэхийг эсэргүүцсэн “Шар хантаазтнууд” өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 17-ноос эхлэн долоо хоног бүрийн бямба болон ням гарагт жагсаж байгаа юм. Хэдийгээр Францын эрх баригчид улс орныг хамарсан эсэргүүцлийн жагсаал болж буйтай холбоотойгоор шатахууны татварыг нэмэгдүүлэх арга хэмжээг хагас жилээр хойшлуулж, энэ оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэх ёстой байсан татварыг зургаан сарын хугацаатайгаар түр зогсоохоор болсон ч жагсагчид жагссаар байгаа билээ.

ГЕРМАНЧУУД УУР АÌЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН ЭСРЭГ ЖАГСАВ

Германы хүрэн нүүрсний хамгийн том ордуудын нэгт тооцогдох “RWE” уурхай орчимд уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг нэгдсэн олон мянган хүн эсэргүүцлийн жагсаал өрнүүлсэн байна. Европын холбооны удирдагчид нүүрстөрөгчийн ялгарлыг саармагжуулах 2050 он хүртэлх төлөвлөгөө боловсруулахаар хуралдсан болов ч нэгдсэн шийдэлд хүрч чадаагүй юм. Үүний дараа нүүрсний хэрэглээг эсэргүүцэгчид болон уул амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэгчдийн жагсаал эрчимжсэн байна. Германы “RWE” компанийн тухайд ойролцоох ойгоос мод огтлохыг завдсанаас байгаль хамгаалагчдын хараанд өртсөн байна. Жагсагчдын эсрэг хэдэн зуун цагдаагийн ажилтнууд уурхай орчимд хамгаалалтад гарчээ.

эх сурвалж:

https://www.bbc.com/news/world-europe-48737467

https://www.bbc.com/news/world-europe-48727133

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.