Л.Ариунболор
“Хурд” хамтлагийнхан “Хайртай” нэртэй соён гэгээрлийн аяныг эхлүүлэхээр Хэнтий аймгийг зорив. Энэхүү аянд тус хамтлагаас гадна дуучин Б.Баярцэцэг, “Чоно” хамтлагийн дуучин Д.Дэрмээ, “Voice of Mongolia” шоуны шүүгч Д.Oтгонбаярын багт багтсан залуу уран бүтээлчид нэгджээ. Аяны хүрээнд 21 аймагт үнэ төлбөргүй тоглолт хийхээс гадна олон уулзалт арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөжээ.
“Хурд” хамтлагийн соло гитарчин, ая зохиогч Д.Отгонбаяр “Бид 25 жил урлагт зүтгэлээ. “Хайртай” соён гэгээрлийн аяныг эхлүүлэх санааг хамтлагийн гишүүд гаргасан. Манай хамтлаг сүүлийн 10 жил орон нутгаар аялан тоглолт хийгээгүй. Энэ удаагийн үйл ажиллагаагаа соён гэгээрлийн аян болгон зарлалаа. Аяныг Засгийн газар, хувийн хэвшил, орон нутгийн удирдлага маш сайхан дэмжиж байна. “Хайртай” нэрний хувьд хүн хүнээ хайрлах, эх орон, гэр бүл, байгаль дэлхий бүхий л зүйлд хайртай байх гэсэн санааг илэрхийлсэн. Бид энэхүү аянаар түүчээлэн галт бамбараа бариад урлагийнхныгаа сайхан бүхэнд уриалж байна. Мөн энэхүү аяны хүрээнд маш том контент үйлдвэрлэж ирэх намраас цуврал болгон гаргах болно” хэмээн онцоллоо.