“Дэм авьяастан” хөгжмийн сургалтын төвийн 16 сурагч зургадугаар сарын 8-15-ны хооронд Франц улсад зохиогдсон /D’ile-de-Frane/ олон улсын уралдааны өсвөрийн төгөлдөр хуурчдын тэмцээнд амжилттай оролцож олон улсын сонгодог хөгжмийн тавцанд эх орныхоо нэрийг дуурсгаад ирлээ.
“Дэм авьяастан” сургалтын төвийн суралцагч нар төгөлдөр хуураар хичээллээд удаагүй ч олон улсын тэмцээнд мэргэжлийн түвшний хүүхдүүдтэй эн зэрэгцэн өрсөлдөж ганзага дүүрэн амжилттай оролцож тэргүүн байруудыг эзэлсэн нь манай улсын сонгодог урлагийн түвшин дэлхийн хэмжээнд хэр явж байгааг харуулсан томоохон үзүүлэлт боллоо гэдгийг багш нар нь онцолж байлаа. Ингээд тус тэмцээнд амжилттай оролцсон хүүхдүүдтэй уулзан ярилцлаа.
Тус сургалтын төв нь 25 жилийн хугацаанд Унгар, Португал, Испани, Франц зэрэг олон улсын томоохон тэмцээн уралдаанд амжилт дүүрэн оролцож байсан. Эдгээр амжилт бол нэг талаас сурагчдын авьяас билиг, хичээл зүтгэл, нөгөө талаас тус төвийн Д.Наранцацрал, Б.Одгэрэл зэрэг багш нарын уйгагүй хөдөлмөр, ур чадвартай зайлшгүй холбоотой гэж эцэг эхчүүд үнэлж байлаа.