Италийн далайн эргийн Катаниа хотод өнгөрсөн амралтын өдөр “Авьяаслаг дүрвэгчид” шоуны 11 дэх дугаарын ялагч тодорлоо. Нигерийн дүрвэгч 18 настай Ханна Иморди охин Аялал нэртэй шүлгээрээ шалгарч тэргүүн байрын шагналын эзэн болжээ.
Ялагч өөрийн бичсэн шүлэгтээ дүрвэгсэд яагаад гэрээ орхиж алс холын амь эрсэдсэн аялалд гардгийг тусган бусдад түгээхийг зорьсон байна. Ялагч охин “би маш их баяртай байна. Сүүлчийн шатанд шалгарах нь миний хувьд шашин шүтлэг, ядуурал, дайнаас болж орон гэрээ орхин дүрвэсэн олон сая хүнд боломж олгох шиг чухал байгаагүй. Бид тэдгээр хүмүүст мөрөөдлөө биелүүлж аз жаргалтайгаар амьдрахад нь туслах ёстой. Дэлхийг өөрчлөхөөсөө өмнө өөрсдийгөө өөрчлөх хэрэгтэй” хэмээн ярьжээ.
Шилдгээр шалгарсан Аялал шүлгийн хэсэгт
...Энэ өөр хотод би хамгаалуулахыг хүсч байна
Энэ өөр ертөнцөд би хүлээн зөвшөөрүүлмээр байна
Энэ өөр соёлд би идээшин дасахыг хичээж байна, надад туслаач
Маргааш надад юу хэрэгтэй бол? ... гэжээ.
Өнгөрсөн амралтын өдөр болсон финалын шатны шалгаруулалтад 13 авьяастан шалгарч үлджээ. Тэдний дунд Сьерра Леоноос ирсэн рэгги дуучин, Колумбын бүжигчин хүчтэй өрсөлдөгчдийн тоонд багтсан байна. НҮБ-аас анхлан санаачилсан цагаач дүрвэгч иргэдэд туслах зорилготой олон улсын хэмжээнд зохион байгуулагддаг шоунд хүний наймааны хохирогч, орогнол хүсэгч олон арван хүн оролцдог юм.
Эх сурвалж: www.theguardian.com