Индионезийн Жакарта, Палембан хотод болсон Азийн зуны спортын XVIII наадмыг сурвалжилсан "Өнөөдөр" сонины гэрэл зурагчин Э.Харцага, чөлөөт уран бүтээлч, гэрэл зурагчин Ч.Ганбат, Г.Мэргэн нар аяны богцоо өчигдөр задалж, гэрэл зургийн хамтарсан үзэсгэлэнгээ "Blue Mon" төвийн "North art gallery"-д спорт сонирхогчдод толилуулав. Долоо хоног үргэлжлэх үзэсгэлэнд “Жакарта-2018” наадамд оролцсон Монголын тамирчдын дахин давтагдашгүй торгон агшныг хальснаа буулгажээ. Өмнө нь гэрэл зурагчин Ч.Ганбат, Э.Харцага нар “Лондон-2012” зуны XXX олимпийн наадам, БНСУ-д болсон “Пёнчан 2018” өвлийн XXIII олимпийн наадмын тэмцээнийг сурвалжлан хүргэж, гэрэл зургийн хамтарсан үзэсгэлэн гаргаж байсан билээ. Тэгвэл энэ удаагийн үзэсгэлэн тэдний гурав дахь, харин Г.Мэргэний хувьд тэдэнтэй хамтарсан анхных нь үзэсгэлэн. Монголын олны танил шилдэг гэрэл зурагчдын үзэсгэлэнгээс тамирчдын тэмцээний талбарт өрнүүлсэн сэтгэл хөдлөм мөч, гал гарсан өрсөлдөөн, ялалтын баяр бүхнийг мэдрэв. Тэмцээний зарим нэг хэсгийг үзэж амжаагүй нэгэнд тэдний дуран авайд буулгасан гэрэл зургууд алтан мөчүүдээр нь эргэн зочлуулах шиг санагдсан. Үзэсгэлэнгийн нээлтийн дараа Ч. Ганбаттай уулзаж цөөн хором хөөрөлдөх завшаан гарсан юм.
Тэрбээр 30 гаруй жил гэрэл зурагчнаар ажиллахдаа сүүлийн арав гаруй жил спортын гэрэл зургаар дагнан мэргэшсэн. Ц.Батзориг агсны нэрэмжит “Оны шилдэг гэрэл зураг-2006” уралдааны спортын сэдэвт төрлийн тэргүүн байр, Монголын гэрэл зурагчдын холбооны “Оны шилдэг гэрэл зураг-2007” уралдаанд чөлөөт сэдэвт тэргүүн байр, “Пресс фото-2012” “Оны шилдэг гэрэл зураг”-ийн уралдааны Гранпри шагнал хүртэж, 2012 онд Монголын үндэсний олимпийн хорооны “Олимпийн алдар” одон, 2014 онд Алтангадас одонгоор тус тус шагнагдсан билээ.
ЧУЛУУНБААТАРЫН ГАНБАТ
“Хонконг 2009” Зүүн Азийн наадам,
“Токио 2010” Жүдо бөхийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн
“Гуанжоу-2010” Азийн зуны спортын XVI наадам
“Парис-2011” Жүдо бөхийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн
“Лондон-2012” Зуны XXX олимпийн наадам
“Тьянжин-2013” Зүүн Азийн наадам
“Сочи-2014” Өвлийн XXII олимпийн наадам,
“Инчён-2014” Азийн зуны спортын XVII наадам
“Рио-2016” Зуны XXXI олимпийн наадам
“Ашхабад-2017” Азийн танхимын наадам
“Пёнчан 2018” Өвлийн XXIII олимпийн наадамд гэрэл зурагчнаар ажилласан
БҮТЭЭЛҮҮД:
2009 он: “Миний Улаанбаатар” гэрэл зургийн үзэсгэлэн
2010 он: “Тал хээрээс Тундр хүртэл” гэрэл зургийн үзэсгэлэн
2011 он: “Монгол бөх Гиннест” гэрэл зургийн альбом гаргасан
2012 он: “Үл мартагдах агшин” Лондон-2012 олимпийн тайлан үзэсгэлэн
2012 он: “Монголын аж амьдрал” гэрэл зургийн үзэсгэлэн, БНСУ
2014 он: “Сочи-2014” өвлийн олимпийн тайлан үзэсгэлэн
2014 он: “Инчён-2014” Азийн зуны спортын наадмын үзэсгэлэн
2015 он: “Монгол бөхийн өргөө-20 жил” гэрэл зургийн үзэсгэлэн
2016 он: “Олимп миний дуранд” Рио-2016 олимпийн тайлан үзэсгэлэн
2018 он: “Пёнчан 2018” Өвлийн XXIII олимпийн наадмын үзэсгэлэн
-Энэ намрын гэрэл зургийн үзэсгэлэнгийн салхийг бүсгүйчүүд хагалсан бол энэ удаа эрэгтэй гэрэл зурагчдын монгол тамирчдынхаа сэтгэл догдлуулсан амжилт, ялалт, азтай хором мөчүүдийг харуулсан гэрэл зургуудаар үргэлжлүүлж байна?
-Жакартад болсон Азийн наадамд манай 300-гаад тамирчин оролцлоо. Тэмцээнийг “Өнөөдөр” сонины гэрэл зурагчин Э.Харцага, мөн Г. Мэргэн, бид гурав сурвалжилж, тамирчдынхаа ялалт, баярт агшин, азтай хором бүхнийг хальсанд буулгаж спорт сонирхогчдод хүргэлээ. Тиймээс энэ удаагийн үзэсгэлэнгээ бид тэмцээнийг хэрхэн сурвалжилж хүргэснээ тайлагнаж буй. Азийн томоохон наадам дөрвөн жилд нэг удаа болдог. Тамирчдынхаа торгон агшныг дурайн авайд буулгаж үлдээх нь ховор түүх юм. Үүгээрээ гэрэл зураг мартагдашгүй түүх болж үлддэг. Зуны олимпийн энэ удаагийн наадамд монголын тамирчид өмнө нь үзүүлж байгаагүй амжилт гаргаж, олон медальтай эх орондоо ирсэн. Тэр агшнуудыг авч, гэрэл зурагт үлдээсэндээ бид сэтгэл өндөр байгаа. Энэ удаагийнх миний найм дахь үзэсгэлэн.
-Та гэрэл зургийн ертөнцөд Э.Харцагатай олон жил ганзага нийлж, дөрөө харшууллаа. Хамтарч ажиллахад гар, сэтгэл нийлдэг нөхөдтэй байх сайхан биз?
-Тийм ээ. Бид Азийн наадмын гурван олимпод хамт ажилласан. Өнгөрсөн өвлийн “Пёнчан 2018” наадмыг ч гэсэн хамтдаа сурвалжилсан. Харцага маш мэдрэмжтэй, ирээдүйтэй гэрэл зурагчин. Спортын зурагчнаар олон жил дагнаж ажиллахдаа тэмцээний сэтгэл догдлуулсан мөч, баяр гунигтай агшнуудыг алдалгүй авсан. Бид хойшдоо ч олон тэмцээн сурвалжилж, гэрэл зургийн үзэсгэлэн гаргах байх.
-Үзэсгэлэнд тавигдсан зургуудыг хараад яг тэр газар очсон мэт сэтгэгдэл төрөв. Спортын олон төрлөөр зураг авахад цаг хугацаа зарцуулдаг юм шиг санагдлаа. Тэмцээний бүх хором, агшныг мэдэрч зураг авах амаргүй байх аа?
-Би энэ удаагийн наадмын үеэр ажил ихтэй байсан болохоор нээлтэнд очиж амжаагүй. Харин жүдогийн барилдаан эхлэхэд очсон. Жүдо, самбо, кураш, боксын тэмцээний зураг авсан. Э.Харцага нээлтээс нь эхлээд тэмцээний хаалт хүртэл ажиллаж их спорт сурвалжлан, гэрэл зургийг нь олонд хүргэсэн.
-Тамирчдынхаа тэмцээнд ялалт байгуулж буй торгон агшныг харах, төрийн далбаа мандаж, төрийн дуулал эгшиглэхийг сонсох тэр мөчид танд ямар бодол төрдөг вэ?
-Сэтгэл их догдолдог. Энэ наадмын тэмцээнээс самбо бөхийн төрөлд монголын хоёр эмэгтэй тамирчин медаль хүртэн, шагналын тавцан дээр зэрэгцэж зогсоод төрийн далбаагаа мандуулж байх баярт мөчийн зургийг авсан. Мөн жүдогийн тэмцээнд тамирчдынхаа өрсөлдөгчөө ялж ялалт байгуулж буй сайхан агшны зургийг ч дарлаа. Тамирчдынхаа баярт үйл явдлуудыг харуулсан торгон агшныг авч байхдаа сэтгэл огшдог.
-Та тамирчдын жаргал зовлонг тэмцээний талбараас маш сайн харж, мэдэрдэг. Таныг спортын ямар нэгэн төрөл сонирхож хичээллэдэг болов уу гэсэн сониуч бодол төрөөд байна л даа?
-Спортын гэрэл зураг авахын тулд эхлээд спорт сайн ойлгодог байх хэрэгтэй. Олон жил зураг авахаар тэмцээний ямар үед тамирчдаас гоё агшин гарах вэ гэдгийг мэдэрдэг болчихдог. Жүдо, самбо бөхөөр барилдаж байхдаа манай тамирчид яг ийм үедээ л гоё мэхээ хийнэ дээ, эсвэл хөнгөн атлетикийн тэмцээнд тамирчид ингээд гүйж байхад зураг нь сайхан гарна даа гэж мэдэрч зураг дардаг. Тэр дундаа бокс, хөнгөн атлетик, гимнастик спортын хурдтай төрөлд ордог. Хурдыг гэрэл зургаар илэрхийлэхэд сайн техниктэй байх шаардлагатай. Гэрэл зургийн сурвалжлагч спорт мэддэг, тэмцээний үйл явдлыг мэдрэх мэдрэмжтэй байх, давтагдашгүй агшин бүрийг алдахгүй авах сайн техниктэй, бас туршлагатай байх хэрэгтэй.
-Таныг спортын тамирчидтай сайхан нөхөрлөдөг гэж сонссон. Тэдэнтэй ах дүүсээс ялгаагүй нөхөд болсон байлгүй?
-Би 2009 оноос өнөөг хүртэл Азийн наадмын болоод олимпийн тэмцээнүүдийн зургийг авч байна. Жүдо бөхийн ДАШТ-нд дөрөв, Азийн наадамд гурван удаа очиж ажиллалаа. Спортын тэмцээнийг гэрэл зургаар сурвалжлан олонд хүргэхийн зэрэгцээ олон тамирчинтай сайхан нөхөрлөдөг боллоо. Заримтай нь найз, заримтай нь ах дүү мэт болж явна. Тэр бүхний зургийг түүх болгон үлдээж байгаадаа бахархах сэтгэл хааяа төрдөг юм.
-Спортын тэмцээний агшин бүрийг буулгах гэрэл зураг таны хобби юу?
-Тийм ээ. Аравдугаар ангийн сурагч байхдаа зураг авч эхэлсэн. Одоо гэрэл зураг миний амьдралын салшгүй нэг хэсэг болсон. Би өөр ажил эрхэлдэг хүн шүү дээ. Ажлынхаа хажуугаар зав гаргаад спортын тэмцээнүүдийн зургийг авах дуртай. Гэрэл зургийн ертөнцөд хөл тавиад 30 гаруй жил болж байна. Сүүлийн арав гаруй жил спортын зураг түлхүү авлаа. Үүнээс өмнө олон улсад болоод дотооддоо болж буй үйл явдал, үндэсний спортын зургуудыг авдаг байв. Үндэсний бөхийн барилдааны сонирхолтой гоё агшныг харуулсан гэрэл зургийн баян архивтай. Тиймээс үндэсний бөхийн барилдааныг харуулсан гэрэл зургийн үзэсгэлэн гаргах, ном болгон хэвлүүлэх бодол бий. Тав дахь олимпод ажиллаж, өмнөх олимпийн тэмцээнүүдэд ажиллаж байсан гэрэл зургуудаа нэгтгээд (Таван цагариг гэсэн утгаар) ном гаргахаар зэхэж байна.