АНУ-ын Техас мужийн иргэн 26 настай эмэгтэй Лексус Стагг жийп загварын Линколн автомашинаараа гурван настай хүүгээ дайрч аминд нь хүрсэн хэрэг гарчээ. Эмэгтэй машинтайгаа ухарч урагшлан хүүхдүүдтэйгээ "тахиа" нэртэй тоглоом тоглож байгаад хайхрамж болгоомжгүйгээр хүүгээ харалгүй дайрсан байна.
Техас мужийн Харрис хот дахь орон сууцны хяналтын камерт бичигдсэнээр эмэгтэй 2006 оны Линколн Навигатор автомашинаасаа гурван хүүхдээ буулгажээ. Тоглоомын дүрмээр ээж хүүхдүүдийг дайрах гэж оролдон хүүхдүүд зугтаж хөгжилдөх ёстой байж. Харамсалтай нь хоёр том нь замаас гарсан ч гурван настай бага хүү зугтаж амжилгүй ганцаараа үлдэж дугуйн доор орсон байна.
Эмэгтэй 2,5 тн жинтэй машины дугуйгаар хүүхдээ дайран гарсан нь бичигджээ. Сэжигтэн цагдаад мэдүүлэг өгөхдөө хүүхдээ дайрч байгаагаа мэдээгүй ба хурд сааруулагч давж байна гэж бодсон гэжээ.
Уг хэрэг энэ сарын 11-ний өдөр үйлдэгдэж, цагдаа нар хайхрамж болгоомжгүйгээс гарсан хүн амины хэрэг гэж үзэн сэжигтнийг өнгөрсөн долоо хоногт баривчилсан байна. Эмэгтэй доод тал нь 10 жилийн хорих ял сонсох юм. Орон нутгийн эрх баригчид жолооны ард суух, хүүхдүүдээ дайрах гэж оролдох нь огтхон ч хөгжилтэй тоглоом биш гэдгийг эцэг эхчүүдэд анхааруулжээ.
Эх сурвалж: www.cnn.com