М.Дуламсүрэн
Монголын үндэсний бөхийн тонж манлай засуул, соёлын гавьяат зүтгэлтэн Д.Цогзолыг “Хоймор”-тоо урилаа.
-Сайхан зусч байна уу та?
-Сайхан, энэ зун бороо хур элбэгтэй сайхан зун болж байна. Хэд хоног нутгаараа, хөдөөгүүр яваад ирлээ. Тэнгэр хангай бороо хураа хайрлаад, байгаль дэлхий өнгөө засч зуншлага сайтай байна. Мал амьтны зоо тэнэгэр хөдөө нутгаар маань сүү, цагаа элбэг дэлбэг байна.
-Хоёулаа таны төрсөн нутгийн талаар яриад яриагаа эхлэх үү. Монгол улсын төв цэг өвөрхангай аймгийн бүрд суманд төрсөн гэдэг байх аа?
-Тийм ээ, би Өвөрхангай аймгийн Бүрд суманд гал гахай жилд малчин ард Дашдондогийн хоёр дахь хүү болон мэндэлсэн. Одоо 70 гаруй насыг зооглоод явж байна. Долдугаар сарын 13-нд төрсөн гэдэг. Эхээс 12-уулаа. Нэг ах, арван дүүтэй. Дүү нарын маань найм нь эмэгтэй, хоёр нь эрэгтэй. Миний аав, ээж таван хошуу малтай ажилч хичээнгүйгээрээ нутаг усандаа алдартай хүмүүс байсан. Миний төрсөн нутаг Бүрд сум бол их онцлогтой газар. Монгол Улсын төв цэг тэнд байна. Монгол Улсын нийслэлийн анхны шав тавьсан Ширээцагаан нуур байдаг. Миний хувьд Их, бага Монгол уулын хооронд Ар Жаргалантын голын хөвөөн дээр мэндэлсэн. Би чинь Өвөрхангай аймгийнхаа хоёр суманд хүүхэд насаа өнгөрөөсөн хүн. Намайг хоёрдугаар анги төгсдөг жил манайх Хужирт сумруу нүүсэн юм. Ижий маань зүрхний астма гээд айхтар өвчтэй байсан болохоор рашаан усаа бараадаж тийшээ нүүсэн хэрэг. Ижий, аав хоёр их сайхан насалсан хүмүүс. Аав маань 2002 онд 84 насандаа, ээж маань 2013 онд 86 насандаа тэнгэр болцгоосон доо.
-Бага насаа эргэн дурсвал. Бага залуудаа бөхөд сонирхолтой ноцолддог байсан юмуу?
-Тухайн үеийн хүүхдүүдийн адил ишиг хурганы бэлчээрт өссөн. Намайг бага байхад хүүхдүүд бараг гутал өмсдөггүй байлаа. Өглөө эрт босч үхэр ивэлгэж, тугал татна. Тэгээд хөл нь сайртаж хагараад цус нь гоожсон хүүхэд л явдаг байлаа. Орой нөгөөхдөө түүхий сүүний цөцгий түрхээд унтана. Намар оройхон болохоор л гутал өмсөнө. Өглөө оройн сэрүүнд нойтон үхрийн баасанд хөлөө хийж дулаацуулна. Тэгж л бага насаа өнгөрөөсөн. Монгол эрэгтэй хүүхэд бүр барилдаж ноцолдож хүүхэд насаа өнгөрөөдөг. Би ч тийм л байсан. Мөн түрнүкэнд гарамгай, жижиг биетэй ч булчин шөрмөс нь зангирсан залуу байлаа. Ах нь арван жилээ төгсөөд сургуульд явах сонирхолтой байв. Гэтэл манайхан явуулахгүй гээд шарандаа долдугаар ангиасаа сургуулиасаа гараад малчин болсон. Хэрэв тэгээгүй бол би өдийд энэ монгол бөхийн торгон ногоон дэвжээн дээр гарч бөхчүүдтэй хамт энэ насаа өнгөрүүлэхгүй ч байж магадгүй.
-Эрүүлийг хамгаалах байгууллагын түргэн жолооч жижигхэн бор хүү бөхийн засуул болсон түүхээ ярьвал?
-Би сургуулиасаа гарч малчин болоод 18 нас хүрээд цэрэгт явсан. Тухайн үед 107 дугаар ангид хуваарилагдаж ирээд жолооч болсон юм. Манай бөхчүүдээс цөөнгүй хүн энэ ангид алба хааж жолооч болсон байдаг. Тэгээд цэргээс халагдаад тухайн үеийн эрүүлийг хамгаалах газарт түргэний жолоочоор ажилд орлоо. Түүнээс хойш 30 гаруй жил улаанбаатарчуудын эрүүл энхийн манаанд зүтгээд тэтгэвэртээ гарсан. Наадам, цагаан сарын барилдаанаар цол дуудаж байгааг радиогоор сонсоно. Анх санаандгүй байж байгаад засуул болсон. Нэг өдөр гэмтсэн хүн аваад хуучин гэмтлийн хүлээн авах дээр орсон. Тэгтэл Ж.Мөнхбат аварга хамар нь яз цохиогдсон сууж байсан, тэгж Мөөеө аваргатай танилцаад, дараа нь Дундговийн улсын начин Г.Цэрэнчимэдтэй танилцсан. Тэр хоёр их дотнын найз.
Тухайн үед хувьдаа машинтай хүн ховор байсан цаг. Гэтэл Г.Цэрэнчимэд маань саарал 21 авсан. Тэгээд машинаа барьж чадахгүй болохоор би машин барихыг зааж өгөөд тэдэнтэй хамтдаа бэлтгэлд гардаг болсон юм. Гэтэл нэг өдөр Мөөеө намайг “Чи одоо засуул хийвэл яасан юм. Чадах уу” гэж асуудаг байна шүү. Би ч яах вэ саваагүйтээд радиогоор цол дуудахыг цээжилсэн байснаа үзүүллээ. Тэгтэл “Ер нь болмоор юм байна. Цол чимгийг нь сайн тогтоож ав. Чи ер нь бөх зас” гэлээ.
Тэгээд л 1973 оноос эхлэн бөх засч эхэлсэн. Хамгийн анх цол дуудсан нь 1983 онд Төв аймгийн 60 жилээр Чойжилсүрэн арслангийн цолыг дуудаж үзсэн юм. Харин 1984 оны улсын наадмаар анх удаа төрийн наадамд цол дуудах хувь тохиолоо. Тэр жилийн наадмаар би 11 дэх жилдээ бөх засч байгаа баруун дунд хавьд зогсож байлаа. Тэгтэл гурвын даваа эхлэхийн өмнө Лүгдэн багш намайг дуудлаа. Яваад очтол “Чи одоо гараад цол дуудна” шүү л гэж байна. Би ч дотроо айдастай “Хэний цолыг дуудах юм” гэтэл Д.Дамдин аваргын цолыг гэдэг байгаа. Би ч “Өө багш аа, би яаж барах билээ. Чадахгүй” гэтэл “Би ноднин чамайг Төв аймгийн наадмаар Чойжилсүрэн арслангийн цолыг дуудуулж харсан. Чи чадна. Багш нь дохио өгнө. Сандралгүй тайван байна шүү. Багш нь 40 хэдэн жил бөх засахдаа зүүний магнайд хоёр удаа л цол дуудаж үзсэн. Энэ чамд ховор олдох боломж” гэж хэлээд бөх хувцасладаг өрөөнд надаар нэг цол дуудуулж үзээд том цэнхэр дээл өмсгөөд л гаргачихлаа.
Би ч “Яаж бүтэлгүйтэх бол” гэж бодоод л гарсан. Наадмын талбай дээр гартал манай хашаанд айл байдаг “Кино үйлдвэр”т ажилладаг нөхөр кино зураг авна гээд олон камер барьчихсан гүйж явна. Нөгөө нөхөр чинь намайг харснаа ““Аваргын гараа” киноны зураг авах гэж байна. Чи цол дуудах юм уу. Д.Дамдин аваргын зургийг авна” гэж хэлээд бүр сандаргаж орхив оо. Д.Дамдин аварга нэлээд харьчихсан далавчаа хумьсан хүрэн бүргэд шиг юм ирээд л дэвсэн. Тэгээд л багшийн дохиогоор цолоо дуудаад гацаж түгдрэлгүй дуусгалаа. Багш руу харсан эрхий хуруугаа өргөж байх шиг л болсон. Дууссан хойно л мэдээтэй болтол хоёр гар хөлөрчихсөн, нурууны хөлс урсаж байлаа. Ингэж л анх удаа цол дуудахдаа зүүний магнайд гарсан. Тэр маань “Аваргын гараа” гээд кинонд гардаг юм.
Түүнээс хойш би Д.Дамдин аваргын цолыг арван жил, хорин удаа дуудаж арван сайхан залууг улсын цолны босго алхуулсан. 1991 оны наадмаар Д.Дамдин аварга гарч ирэхдээ “Цогзолоо ах нь энэ жил барилдаад хойтонгоос зодог тайлнаа” гэсэн юм. Гэтэл хойтон жил нь ахиад гараад ирсэн. Тэрний хойтон жил бас улсын наадамд барилдаад зодог тайлалгүй барилдахаа больсон.
-Түргэний жолоочийн ажил цаг зав муутай байх. Тухайн үед ажлынхаа хажуугаар засуулын ажлаа хэрхэн амжуулж байв?
-Би энэ тал дээр их азтай. Манай дарга Төв аймгийн Баян-Өнжүүл сумын н.Батчулуун гэж хүн байсан. Дарга миний засуулын ажлыг ойлгож дэмжинэ. Тэр үед би жилд хоёр ээлжийн амралт авдаг байлаа. Наадмын үеэр 21 хоногийн цалинтай чөлөө өгнө. Наадмын ажилдаа бэлд гээд. Мөн хагас, бүтэн сайнд болдог заалны барилдааны үеэр цалинтай чөлөө өгдөг байсан. Тийм болохоор алба ажил, засуулын ажил хоёроо зэрэг хийхэд саадгүй гэсэн үг. Тэр бүх боломжийг манай түргэн тусламжийн хамт олон ойлгож байсан болохоор би өдий зэрэгтэй засуул болсон байх.
-1994 онд бөх цоллоочдын анхдугаар уралдаан болж та хоёрдугаар байрт орсон байдаг. Тэр тухай хуучилбал?
-Тэр уралдаанаар “ган хоолой” Мягмар тэрүүлж, би хоёрт, Х.Пүрвээ гуравт орсон юм. Түүнээс хойш цолчин засуулууд эрэмбэтэй болоод Мягмар маань зүүний манлайд гарч би барууны манлай болж билээ. 1994 оноос хойш бөх цоллоочдын улсын уралдаан жил зохион байгуулагдах болсон юм. Тэгээд 1995 онд болоход орох гэтэл өмнө жилийн эхний хоёр байрт орсон засуулуудыг оруулаагүй. Харин 1996 онд оролцоод түрүүлж мөнгөн бүс, мөнгөн аягаар шагнуулж байлаа. Тэр үед юм ховор байсан цаг. Ер нь би 1994 оноос хойш зүүн магнайд бараг гараагүй юм. Мягмар маань 2003 онд бурхан болоод намайг зүүний магнайд гар гэсэн боловч би гарахгүй гээд гараагүй.
Сүүлд саяхан хүмүүс зүүний магнайд гар гээд байхаар нь гарч Г.Өсөхбаяр аваргын цолыг дуудлаа. Тэгтэл айлд оччихсон юм шиг эвгүй билээ. Баруун жигүүртээ дасчихсан гэх юм уу даа. Миний эрэмбэ хэдий болсон ч хойч үеийн залуустаа боломж олгох, тэдэндээ сургах гээд би зүүний магнайд гардаггүй. Одоо бодох нь ээ, Лүгдэн багш маань 1984 онд зүүний магнайд шууд гаргадаг нь хойч үеээ бэлдэх гэсэн санаа юм билээ. Тийм болохоор би одоо залуустаа боломж олгож, тэднийгээ харж, зааж залруулахыг л зорьж байна. Намайг анх засуул хийж эхлэхэд засуул гэдэг хүний үнэ цэнэ тийм ч өндөр байгаагүй. Миний багш Лүгдэн 50иад жил цол дуудахдаа “Алтан гадас”аар энгэрээ цоолсон байдаг. Гэтэл би анхны манлай засуул боллоо. Мөн засуулуудаас анхын гавьяат цол хүртсэн хүн боллоо. Тэгэхээр энэ бүгд бидний ажлыг үнэлдэг болсны жишээ юм.
-Засуулын ажил ер нь хүнд байх. баяр наадам, битүүн гээд монголын хамгийн чухал баяруудаар ажиллана. Засуул хийж эхэлснээсээ хойш гэр бүлтэйгээ наадмаар хамт байгаагүй биз?
-Хүнд гэхээсээ илүү сайхан ажил. Монголчууд бид чинь бөхөө дээдэлдэг ард түмэн. Бөх гэдэг хүн чинь монгол эрсийн манлай болсон, хийморь сүлдтэй хүн шүү дээ. Тэдний дунд ажиллаж байгаа нь сайхан хэрэг. Баяр наадам, цагаан сарын битүүний өдөр хоёр гэртээ байдаггүй нь бидний ажлын онцлог. Битүүнд жаахан хэцүү. Сүүлийн 30 гаруй жил гэртээ эрт очиж битүүлээгүй. Өглөө идээ шүүсээ хагас дутуу янзлаад гарна. Орой бөх тараад очиход хөгшин идээгээ засаад, цайгаа чаначихсан, буузаа тавихад бэлэн сууж байдаг. Зарим жил амьтан ах, дүү ирээд хүлээгээд сууж байна. Баяр наадмаар бол өмнө шөлний хонио бэлдчихнэ. Би өөрөө наадмын талбайд наадна даа. Хөгшин хүүхдүүдтэйгээ гэртээ, заримдаа наадмын талбайд ирж бөх үзнэ. Манайхан ер нь долдугаар сарын 13-нд л гэр бүлээрээ миний төрсөн өдөр, тэгээд би завтай болоод гэр бүлээрээ баярладаг.
-Та гэр бүлийн хүнээ бидэнд танилцуулахгүй юу?
-Манай гэрийн хүн Архангай аймгийн Тариат сумын харьяат гэдэг Л.Цэрэнноров эмэгтэй бий. Геологийн лаборторид насаараа лабронт хийсэн. Одоо 70 дөхөж яваа. Одоо ач, зээ нараа хараад байж байна. Би гэдэг хүн түргэний жолооч цаг наргүй ажилтай. Мөн хажуугаар нь засуулын ажилтай гээд гэрийн ажилд оролцох зав зай гаргах тал дээр тааруухан. Тийм ч гэлээ миний хань арын ажлыг хариуцаад хүүхдүүдээ өсгөж хүмүүжүүлээд өдийг хүрлээ.
-Танд наадмаар нарших тохиолдол гарч байв уу. Таны зассан хамгийн удаан барилдаан ямар барилдаан байв?
-Наадмаар нарших тохиолдол гарсан удаагүй. Харин бороонд даарч байсан тохиолдол бол бий. Тэр нь миний зассан хамгийн удаан барилдаан байсан юм. Хоёр Эрдэнийн 4 цаг 16 минут барилддаг наадам шүү дээ. Тэр барилдааны үеэр бороо ороод их жихүүн байсан. Нэг бороо ороод л нэг салхилаад бага зэрэг даарч байлаа. Хэрэв болдог орондоо өөр хүн гаргамаар санагдаж байсан шүү.
-Хоёр эрдэнэ таван жил дарааллан үзүүр түрүүнд үлдэхэд та Мөнх-эрдэнэ арсланг зассан байх аа?
-Тийм. Би таван жил Мөнх-Эрдэнэ арсланг зассан. Тэр удаан барилддаг барилдаан чинь гурав дахь жил нь байсан юм. Мөнх-Эрдэнийгээ нэг түрүүлээсэй гэж их л хүссэн дээ.
-Бөхчүүд наадам дөхөөд ирэхээр бие бялдараа бэлдээд, бэлтгэлээ чамбайруулаад эхэлдэг. Үүний адил засуул та бүгд бас наадмын бэлтгэлээ базаана биз?
-Тэгэлгүй яах вэ.
Наадмын өмнө засуул бид чинь бөхчүүдийн адил хоолой, бие сэтгэл гээд бүх зүйлээ бэлддэг. Элдэв бусын хэрүүл шуугиан, архи дарс, эмэгтэй хүн, хэл амнаас хол, хар муу санаагүй байх ёстой гэж багш маань сургасан. Тэр ч утгаараа яг түүнийг сахина. Бөхийн орчин гэдэг чинь ариун байх ёстой. Бид өөрсдийгөө цэвэр ариун байлгаж байж засч байгаа бөхдөө цагаанаар нөлөөлөх учиртай юм.
Цол дууддаг засуул бид бусад засуулаасаа нэг онцлог нь хоолойгоо хамгаалах хэрэгтэй. Хүйтэн нойтон юм идэж уухгүй гэх мэт зүйл байна. Сүүлийн үеийн цол дуудаж байгаа засуулууд дуучин байх нь элбэг болоод байна. Тэдний хувьд хоолой нь байнгын бэлэн байдаг нь давуу тал юм. Ер “Ухна ишигний зовлонг хүн мэдэхгүй” гэдэг шиг цолчин засуулын зовлонг хүн бүр мэдэхгүй. Мөөеө аварга “512 бөхөөс ганцаараа ёхийтэл үлдэхийг түрүүлэх гэдэг юм” гэж хэлсэн байдаг. Тэгж үлдэхийн тулд их олон зүйл тэгширж байж түрүүлдэг. Ганцхан бяр чадал ихтэй нь түрүүлдэг юм биш. Бөх бүдүүн өвсөнд гэдэг шүү дээ. Тийм болохоор тэдэнтэй хамгийн ойр байгаа бид өөрсдийгөө цэвэр ариун байлгах үүргийг хүлээдэг. Мөн засуул бид өөр дээрээсээ гарч буй бөхөө ёхийтэл үлдээхийн төлөө л ажлаа хийдэг.
-Бөхийн дэвжээн дээр амьдралаа өнгөрүүлж байгаа хүний хувьд олон сайхан бөхчүүдтэй нөхөрлөж явсан байх. Таны хамгийн дотно нөхөрлөсөн бөх хэн бэ?
-Намайг бөхийн ертөнц рүү оруулсан хүн бол яах аргагүй Ж.Мөнхбат аварга, Г.Цэрэнчимэд начин хоёр. Миний залуудаа дотно нөхөрлөж явсан бөхчүүд. Одоо үеийн залуусаас гэвэл улсын гарьд И.Доржсамбуу, заан Б.Бумбаяр, Ц.Мягмарсүрэн гээд олон бөхчүүд байна. Би бөхчүүдтэйгээ дотно нөхөрлөхөөс гадна. Энэ олон жил бөх засахдаа нэг ч бөхтэй ам мурийж үзээгүй, нэг ч бөх намайг буруу заслаа гэж гомдол гаргасан удаа байхгүй.
-Одоо бөх засч буй засуулууд бүгд таны шавь нар гэж хэлэхэд буруудахгүй. Та шавь нартаа юуг илүүтэйгээр сургахыг зорьж байна вэ?
-Бөхийн холбоо үүсэн байгуулагдсанаас хойш засуулуудын үүрэг, үнэ цэнэ илүү өссөн гэж болно. Би шавь нартаа нэг л зүйлийг чандлан сахихыг захидаг юм. Тэр нь “Засуул хүн шударга байх ёстой. Мөн аль болох өөрийн нутаг усны бөхөө засахаас зайлсхий” гэж. Учир нь нутгийнхаа сайн барилдаж байгаа залууг засаад маргаан гарахад хэцүү байдалд орно. Тийм болохоор нутаг нугын бөхөө дэмжээд холуур явах нь зүйтэй. Засуул бол дэвжээн дээр гарсан бөхийн багш мөн шүүгч тийм болохоор шударга л байх хамгийн чухал юм. Бөхийг хэзээ ч буруу засч болохгүй.
-Таныг анх бөх засч эхэлсэн үеийн монгол бөх одоогийн монгол бөх хоёрыг харьцуулбал?
-Асар их ялгаатай. Тухайн үед Спортын төв ордонд хамгийн ихдээ л 64 бөх барилддаг байлаа. Одоо Бөхийн өргөөнд сумын цолтон залуу бөх, аймаг цэрэг, улс аймаг гээд эрэмбээрээ олон барилдаан болж байна. Үндэсний бөхөөрөө хичээллэх залуусын тоо их өссөн байна. Бараг нэг аймгаас бүрэн өмсгөлтэй 256 бөх гараад барилдахаар болж. Энэ нь бид монгол бөхөө дэмждэг болсонтой холбоотой. Бөхгүй аймгууд нутгийнхаа бөхийг амжилтад хүргэхийн төлөө дэмждэг, хүндэлдэг хүмүүс олширсоор байна. Одоогийн монгол бөхийг би мэргэжлийн түвшинд хүрсэн гэж хардаг. Бөхчүүд жилийн дөрвөн улиралд бэлтгэл сургуулилтаа хийж байна. Мөн энэ боломж нь бүрэн байна. Бэлтгэлээ хийгээд амжилтаа гаргаад явахад л амьдрах боломж нь бүрдэж байна. Дээр үед тийм байгаагүй. Барилдаан ч цөөн бөхчүүд ажлаа хийж байгаад л барилддаг байсан.
-Барилдааны онцлогийн хувьд. Дээр үеийн бөхчүүд хурдан шалмаг барилддаг, бие галбирын хувьд туранхай шөрмөслөг байсан гээд ялгаа их шүү дээ. Энэ талаар?
-Энэ бол бөх сонирхогчдын ярьдаг гол сэдэв. Дээр үеийн бөхчүүд бол хар мод шиг ярайсан биетэй, одоогийн бөхчүүд шиг гэдэс гүзээ гэж байхгүй. “105-ын Санжаа” гэж улсын заан Санжааг хэлдэг байлаа. Тухайн үедээ л хамгийн их жинтэй нь. Одоо бол 20 хүрээгүй хүүхдүүд 100 гарсан жинтэй болжээ. Мөн тэд хурдан түргэн, шалмаг барилдаантай байж. Мэхэндээ даацтай. Одооны залуучууд шиг бэлтгэл, барилдаан гэх зүйл дээр өдөр бүр шахам таарахгүй. Улсын наадам, даншиг, цагаан сар гэсэн хэдхэн тоймтой барилдаан дээр таарна. Тийм болохоор биенийхээ барилдааныг сайн мэдэхгүй хүмүүс таараад хэн түрүүлж мэх хийж, хурдан шуурхай, сийрэг барилдсан нь давдаг байлаа. Мөн тэр үеийн бөхчүүд бүгд л ажил төрөл хийдэг байж түүнээс шалтгаалаад жин бага байсан. Бас нэг онцлог нь хүн чанарын яс сайтай, жудагтай хүмүүс байж.
-Одоогийн бөхчүүдийн талаар?
-Одоогийн бөхчүүд яах вэдээ. Зарим нэг нь давааны төлөө, цолны төлөө ёс бус юм хийж л байх юм. Би энэ залуучуудад “Та нар зааланд гуйхгүй гурав давдаг болчихоод улсын цолны тухай бодож эхэлнэ шүү” гэж хэлдэг юм. Нэр хүнд муутай цол авсны оронд тэр мөнгөөрөө орон байр, унах унаатай болоод илүү гарч байвал ах хамаатан садандаа туслах хэрэгтэй. Сайн барилдаж байгаа залуус бол бэлтгэлээ сайн хийгээд допингийн асуудалд орчихгүйхэн явах хэрэгтэй. Энэ монгол орны таван хошуу малын мах, энэ сайхан ус агаараас илүү витамин тэжээл гэж ер нь байхгүй шүү дээ. Тийм болохоор зөв бэлтгэлээ хийгээд, зөвөөр хүч чадлаа нэмэх хэрэгтэй байна. Одоо зун наадмын бэлтгэлийн үеэр бэлтгэлд гараад бороо орсон, нар гарсан тийм үедээ бэлтгэлээ хийдэг байх хэрэгтэй. Дээр үед тийм л байсан. Гэтэл одоо майхан, гэртэй бэлтгэлд гардаг бөх гэж үгүй болж. Бүгд амралтын газар тохилог сууцанд байрлаад, тансаг хоол унд хэрэглэж ажил хөдөлмөр бага хийж байна. Тийм болохоор жин нэмэх нь ойлгомжтой. Мөн сүүлийн үед барьцнаас болоод бөхчүүд өөрсднийхөө жинг нэмж байна л гэх юм. Тэр бол гол асуудал биш хувийн л асуудал юм. Залуудаа жин ихтэй байна гэдэг 30 гараад ирэхээр зүрх судас болон нурууны өвчин ярих болоод байна. Тийм болохоор бөхчүүд маань булчингийнхаа жинг нэмээд зөвөөр зузаарвал зүгээр юм болов уу. Гэхдээ биеэ сайхан авч яваа бөхчүүд ч олон байгаа.
-Та сая допингийн асуудал гэж ярилаа. өнгөрсөн жил допин хэрэглэсэн нь тогтоогдож эрхээ хасуулсан нэр бүхий таван бөхийн эрхийг сэргээсэн. Та үүнийг юу гэж бодож байна вэ?
-2017 оны өвөл анх удаа наадмын бус үеэр сэргээшийн шинжилгээ авсан. Үүнд таван бөх бүдэрч эрхийг нь хассан. Үүнийгээ хугацаа нь дуусахаас өмнө сэргээлээ гэж байна. Би энэ тал дээр эрхийг нь хасахаас илүү цолыг нь хураавал зүгээр юм болов уу гэж боддог. Ид сайн барилдаж байгаа залуус маань энэ асуудалд холбогдож байгаа. Тамирчин хүнд бэртэл гэмтэл, өвдөх үе гэж байдаг. Тэр үедээ хэрэглэсэн эм тарианаас нь гарсан ч билүү, хэн ч мэдэхгүй. Сэргээшийн шинжилгээг аваад гадаад руу явуулна, тэр нь хэчнээн сар болж хариу нь ирдэг шүү дээ. Ирсний дараа арга хэмжээ авах гэж бас цаг хугацаа орно. Энэ асуудалд холбогдсон бөхчүүдэд арга хэмжээ авахдаа цолыг нь хураагаад барилдуулах нь зөв. Тэд үнэхээр допинг хэрэглэсэн бол цолоо хураалгахад хэрэглээд байх нь юу л бол. Ер нь бол энэ зүйлийг хичнээн хортой болохыг манай залуус мэдэж байгаа учраас өөрийгөө бодоод болих болов уу гэж боддог. Тийм болохоор цолоо хасуулаад, эрүүл мэндээ хохироогоод энэ зүйлийг хэрэглээд байхгүй. Товчхондоо энэ асуудалд авдаг үндсэн нэг арга хэмжээтэй болох хэрэгтэй байна. Тэгэхгүй нэгийнх нь эрхийг хасаад, нөгөөх нь цолыг хураагаад байж болохгүй. Одоогийн авч буй арга хэмжээгээр бол допинг хэрэглээд цол авна, найраа хийнэ, мялаалгаа авна бүх зүйлийн ар дээр эрх хасагдана. Тэгээд хоёр жил завсарлаад, өөр зүйл амжуулаад эргээд цол нь хэвээрээ барилдах бол шударга асуудал биш юм.
-Монгол бөхөд найрааны асуудал маш их гэж хүмүүс ярьдаг. Та 45 жил бөх засах хугацаандаа бөхчүүдийг найраа хийж байхыг харж байв уу?
-Тэр найрааг байхгүй гэж худлаа хэлэхгүй. Хүмүүс бүгд мэднэ. Харин би яг тэр найрааныхаа мөнгийг өгч, авч байхыг нь бол ёстой хараагүй. Засуулууд тэр асуудалд оролцдоггүй. Монгол бөхөд нэгнээ дэмжих дэмжлэг бол ил тод байдаг. Тухайн нутгийн өндөр цолтой ахмад бөх нь шинэ гарч ирж байгаа залуусаа дэмжиж даваа хөнгөлж өгдөг. Энэ бол байдаг л зүйл. Үүнийг найраа гэж ойлгож болох юм.
-Монгол бөхийн ёс жудаг гэдгийг та хэрхэн ойлгодог вэ. Одоогийн бөхчүүдийн ёс жудаг муудсан л гэх юм?
-Ёс жудаг гэдгийг би ганцхан бөх дээр авч үздэггүй. Хүн бүрт байх ёстой зүйл. Би 1990-ээд оноос хойш үеийнхний хүний мөс чанарыг муудсан гэж хардаг. Ёс жудаг гэдэг бол хүн шиг хүн байхын л нэр юм шүү дээ. Амин хувиа бодохгүй бусдын төлөө гэсэн сэтгэлтэй, шударга хөдөлмөрч хичээнгүй байвал л энэ богино амьдралд хүн болж төрсний хэргийг зөвөөр бүтээх юм. Бөхчүүдийн ёс жудаг дан ганцаараа муудаагүй. Бүх монгол хүний мөн чанар муудсан учраас тэгж харагдаж байгаа хэрэг. Гэхдээ сайн нь муугаасаа олон байдаг хорвоо болохоор жудагтай залуус, бөхчүүд зөндөө бий.
-Энэ жилийн наадмын өнгийг та яаж харж байна. Хэн, хэн дээшээ барилдах бол?
-Тэр түрүүлнэ гэж хэлэхэд хэцүү болсон. Бөхчүүдийн бэлтгэл наадмын тааврыг эвддэг болсон энэ цаг үед хэн нэгний нэр цохож, онцолож хэлэхэд хэцүү байна. Хуучин залуу байхад “Энэ жил над дээр хэн гарна, тэр түрүүлнэ” гэж хошигнон хэлдэг байлаа. Тэр үгээрээ түрүүлсэн тохиолдол бий. Гэхдээ энэ жилийн наадмаар бэлтгэл сургуулилт сайн байгаа бөхчүүдээс Н.Батсуурь, Э.Оюунболд, Д.Анар, Ц.Содномдорж, Н.Жаргалбаяр гэх мэт олон бөх дээшээ барилдах болов уу гэж харж байна. Мөн аймгийн цолтнууд дунд сайн барилдаж байгаа олон бөх бий. Аймгийн цолтнууд бараг улсын цолтой бөхчүүдээсээ сайн барилдах болсон. Тийм болохоор олон сайхан шинэ цолтон төрнө гэж харж байгаа. Сайн аймгийн цолтнуудыг тэр гэж нэрлэхэд хэцүү болсон цаг шүү дээ.
-Яриагаа энэ хүргээд өндөрлөе. Урилга хүлээн авч ярилцсан танд баярлалаа. Урт удаан наслаарай гэж ерөөе?
-Баярлалаа. Ерөөл бат оршиг. Би өөрийгөө урт насална л гэж боддог шүү. Учир нь энэ сайхан бөхчүүдтэй хамт байгаа шүү дээ. Тэгээд танай сонины уншигчдад удахгүй болох баяр наадмын мэндийг дэвшүүлье. Одоо наадам болоход 20 хоног л үлдлээ.