“Манай нөхөр намайг алах гээд байна. Намайг дарамтлаад байна. Хурдан ирээрэй” хэмээх авралын хоолойгоор эмэгтэйчүүд цагдаагийн байгууллагад хандана. Цагдаагийн байгууллагад гэр бүлийн хүчирхийллийн дуудлага ирсэн бол бусад дуудлагаа орхин хамгийн түрүүнд очих ёстой. Баянзүрх дүүргийн Цагдаагийн I хэлтэст энэ сарын 21-ний 22.00-11.30 цагийн хооронд ийм дуудлага гурав ирэв.
“Намайг зодоод байна, охиноо авч явна” гэх дуудлагын дагуу ХӨСҮТ-ийн нэгэн орон сууцны айлд очиход хамаг хувцас хунар нь цус болчихсон 50 гаруй насны эмэгтэй гэрээсээ гарч ирэв. Тэрбээр охин маань цагдаа ороод ирвэл айх байх гадаа мэдүүлэг өгчихье хэмээн хүсэв. Нөхцөл байдлыг асуухад “20 гаруй жил амьдарч байна. Хүүхэд гаргаж өгөлгүй 10 жил болсон. 10 жилийн дараа ганц охин гаргасан. Айлын авгай болсон хойно л өр ширтэй тул мөнгө төгрөг хэрэгтэй хэмээн хэлэх бүрт цохиж, зоддог болсон. Эрүүл ч бай согтуу ч бай хэрүүл тасрахгүй үргэлж дарамтлан зоддог. Өнөөдөр би бага зэрэг уучихсан ирэх үед хэрүүл хийн миний хамар луу хүчтэй дэслэн авч цохин, охиноо авч явна гэхээр цагдаад дуудлага өгсөн” хэмээв. Цагдаад дуудлага өгснийг мэдсэн нөхөр нь гэрээсээ зугтан алга болжээ.
Тэрбээр байнга зодуулсаар байгаад сүүлдээ дийлэх тэнхэл алга тул салмаар байна хэмээн учирлаж байв. Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүд гэр бүлээ цуцлуулах хүсэлтэй бол харьяа хорооныхоо хамтарсан багт хүсэлт гарган эрсдэлийн үнэлгээ хийлгэх хэрэгтэй гэнэ. Уг үнэлгээг хийлгэснээр эвлэрүүлэн зуучлах хугацаа өгөлгүй гэр бүлийг шууд салгадаг байна.
Нөхөр нь тань эргээд ирэх тул хамгаалах байр луу охинтойгоо явах уу хэмээн асуухад “Намайг зодсон үедээ хэд хоногоор алга болчихдог болохоор зүгээрээ охинтойгоо гэртээ баймаар байна” гэх хүсэлтийг үндэслэн гэрт нь үлдээв. Тухайн эмэгтэйг зодон гэмтээсэн тул нөхөрт нь заавал хуулийн хариуцлага хүлээлгэдэг гэнэ. Нөхөр нь зугтаж алга болсон ч цагдаагийн байгууллагын цахим бүртгэлд содон шинж тэмдгийг нь дүрслэн эрэн сурвалжлах ажиллагааг явуулдаг. Хаа байгаа газраас нь олон, хэнээс өргөдөл өгснийг хэлэлгүй хуулийн хариуцлага тооцуулдаг гэнэ.
Архи уугаагүй үедээ үйлдсэн хүчирхийллийг харгис гэж үздэг. Яагаад гэвэл хайртай хүн нь гэдгийг мэдсээр байж хүчирхийлэл үйлдэж буй нь хүсэж үйлдэж байгаа тул ноцтой бөгөөд дараа нь давтагдах тодорхой байдаг хэмээн Нийслэлийн Цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Э.Баярбаясгалан тайлбарлав. Нөхөртөө зодуулаад айж сандарсан мөртлөө хохирогч нарт нэг онцлог байдаг гэнэ.
Тэр нь “хайр” хайртайгаасаа болоод өөрийгөө хохирсон гэж бодохыг хүсдэггүй, нөхрийг нь баривчлаад аваад явчихвал энэ гэр орныг хэн тэжээх бол, дараа нь намайг дахин зодох хэрэг гарах тул өөртөө буруу өгөн чимээгүйхэн өнгөрдөг байна.
Ингээд манай сурвалжлах баг дахин нэг дуудлагын дагуу нэгэн айлд очлоо. Хаалгыг нь тогшиход тайлж өгөхгүй байсан тул дуудлага өгсөн гар утас руу нь залгатал нэгэн эр утас авав. Тэрбээр “би гэртээ байхгүй байна. Яах гээд байгаа” хэмээн утсаа салгав. Удалгүй 25 орчим насны залуу хүрч ирж хаалгаа нээтэл 60 орчим насны эмэгтэй айсан байдалтай байлаа. Хүү нь “та хоёрт би хэлээ биз дээ. Яах гээд байдаг юм бэ, ийм байх нь та нарт сайхан байдаг юм уу” хэмээн хамаг уураа гаргав. "Энэ хүн бол манай хойд ээж" хэмээн нэлээд бухимдангуй хэлэв.
Гэр бүлийн хүчирхийлэл гэхээр бага насны хүүхдийг хохирогч хэмээн боддог гэтэл энэ айлын хувьд насанд хүрсэн хүүхэд нь гүн шоконд орчихсон сэтгэл санаагаар бухимдан тайван бус байдалтай байлаа. Үүнээс харахад гэр бүлийн хүчирхийлэл тэр дундаа үр хүүхдийн хувьд нас ялгахгүй хохирогч болж байгаа юм.
Цагдаагийн албан хаагч нар хамгийн түрүүнд та бэртэж гэмтсэн үү гэхэд “Өчигдрөөс нөхөртэйгээ хамт архи уусан. Миний гарыг хөхөртөл базан, над руу хашгиран юм хум авч шидэн намайг үнэхээр их айлгасан. Цагдаад дуудлага өгсний дараа уурлаад гараад явсан хэмээв. Цагдаагийн албан хаагч согтолтын зэргийг шалгахад 0.20 байсан тул мэдүүлэг тайлбар авахаар болов. Хуульд согтолтын зэрэг 0.30 доош байвал мэдүүлэг тайлбар авч болдог байна.
Тухайн эмэгтэйн хувьд анх удаа дуудлага өгсөн бөгөөд Булган аймгаас ирээд удаагүй хэмээн нэлээн айж сандран мэдүүлэг өгөхгүй байж болох уу хэмээн эргэж буцсан байдалтай байлаа. Цагдаад анх удаа дуудлага өгч байна гэдэг нь тэр хүн өмнө нь 10-20 удаагийн цохиж, зодох, өшиглөх зэрэг хүчирхийллийг тэвчиж өнгөрүүлсэн бөгөөд амь нас нь хутганы ирэн дээр ирсэн үедээ сая цагдаад дуудлага өгдгийг НЦГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Э.Баярбаясгалан тайлбарлав. Тэрбээр эмэгтэй нь уусан байлаа ч гэсэн зодуулах шалтгаан биш. Хүний эрх чөлөөнд халдахаас гадна зодсон учир гэмт хэргийн шинжтэй гэж үзэн зөрчлийн хэрэг нээн нөхрийг нь баривчлах арга хэмжээ авдаг байна.
Энэ оны эхний таван сарын байдлаар гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой 27 мянга гаруй дуудлага ирснээс хүчирхийлэл үйлдсэнийг тогтоон 1444 этгээдийг шүүхийн шийдвэрээр баривчлан хуулийн хариуцлага хүлээлгэжээ.
Нийслэл хотод хоногт 150-200 гаруй гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой дуудлага ирдэг байна. Ингээд бид Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны гадна хүлээж байя гэсэн дуудлагын дагуу очлоо. Хаяг нь тодорхойгүй дуудлага өдөрт хэдэн мянгаар ирдгийн нэгэн жишээ энэ. Сонгинохайрхан дүүрэгт задгай гэх хаягтай хэдэн мянган айл амьдардаг бөгөөд хаягжилтын асуудал хамгийн хүндрэлтэй, хохирогч утсаа авахгүй бол хамаг чадлаараа хайж олдог хэмээн цагдаагийнхан хэлж байлаа.
Азаар дуудлага өгсөн эмэгтэй утсаа аван 22 дугаар хорооны үүдэнд нөхөртэйгээ хүрч ирлээ. Нөхөр нь эхнэрээ хардахаас гадна, гэртээ ирэлгүй тэнэдэг учир маргалдсан хэмээн 18 настай охин айсан байдалтай амнаасаа арай ядан хэдэн үг унагав. Цагдаад өгсөн дуудлагаа буцааж болох уу, нөхөртэйгээ зүгээр болсон хэмээн дээр дурдсан шиг нөхцөл байдал юу нөгөө л “хайр”, найман сартай хүүхэдтэй учир бид хоёрыг хэн тэжээх юм бол гэх айдас.
Залуу хосын хувьд маргалдсан байлаа ч гэсэн энэ нь цаашид даамжраад хүчирхийлэл болдог тул анхны дуудлагын үеэр цагдаагийн ажилтан хамгийн “сайхан аашаа” гарган сайн шалган мэдүүлэг аван хүчирхийлэл мөн эсэхийг тогтоодог.
Маргааныг дахин гаргуулахгүй тулд харьяа хорооны хамтарсан багт холбодог ажээ. Нийгмийн ажилтан, сэтгэл зүйчид тухайн гэр бүлд тохирсон зөвлөгөө мэдээлэл өгдөг байна. Цагдаагийн байгууллага хохирогчийг хамгаалдаг, хүчирхийлэл үйлдсэн бол хуулийн хариуцлага хүлээлгэдэг учир дараагийн удаа дахин ийм зүйл гарахад дуудлага өгөх хэрэгтэй гэх итгэлийг алдалгүй ажилдаг байна. Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг тухай хууль гарахаас өмнөх 10 жилийн хугацаанд 100 гаруй эмэгтэй алуулчихсан байдалтай олдсон байна. Уг хууль гарахаас өмнө гэр бүлийн доторх дайн бол гэмт хэрэг мөн болохыг авч үздэггүй байжээ.