СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Д.Сарангэрэл, авлига, сүрьеэ, тэмбүү

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
4 жилийн өмнө

Х.Цэнгэг


УИХ-ын 2016 оны сонгуулиар МАН улс орноо цэнгэлийн манлайд хүргэж, ард түмнээ хөл хөсөр, гар газраа болгон амар жимэр амьдруулна хэмээсэн “лут” мөрийн хөтөлбөртэй орсноор парламентад 65 суудал аваад гурван бүтэн жилийг ардаа орхиж. 

Энэ сонгуулиар МАН парламентынхаа ангид урьд хожид байгаагүй олон эмэгтэйг хөтөлж оруулж ирсний нэг нь өмнөх УИХ-д кноп дарагчаар ажиллаж “туршлага” суусан Д.Сарангэрэл.


Ардын нам өнөөх сүрхий мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхээр хөдөө аймгийн нэгэн засаг даргаар Засгийн газрыг толгойлуулан нь бүтэлгүйтэж, нөгөө талаар угийн албан тушаалд дуртай У.Хүрэлсүхийн албан тушаал ахих гэсэн хэнээрхлээс болон огцруулаад “Сэлэмчин”-ээр гүйцэтгэх засгаа тэргүүлүүлсэн нь чухам л “сахил хүртээд шал дордов” гэгч болж. 

Өнөөдөр түүний танхимын бараг бүх сайдын албан конторын үүдэнд “ОГЦОР” гэсэн бичиг барьсан хүмүүс зогсч байна. Хууль зүй дотоод хэргийн сайд, “Монголын ганц шударга хуульч” хэмээн өөрийнхөө цээжийг дэлдэгч Ц.Нямдоржийг улс төрөөс холдуулах гэж ард түмэн арга чаргаа бараад Төрийн ордны гадаа “сан тавьж” хүртэл үзэж байна. Өөр нэг эсэргүүцэгчид нь өнөөх сэтгүүлч Д.Сарангэрэлийн толгойлж байгаа ЭМЯ-ны үүдэнд 20 дахь удаагаа жагсч байна. 

Уг нь олон түмний ойлгож байгаагаар бол У.Хүрэлсүх өөрийнх нь нам 2016 онд зарлан тунхагласан Мөрийн хөтөлбөр гэгчийнхээ 1.1.6-д “Улаанбурхан, салхин цэцэг гэх мэт халдварт өвчний дархлаажуулалтыг бүрэн шийдэж өвчлөлийг эрс бууруулна” гэсэн заалтаа хэрэгжүүлэхийн тулд Д.Сарангэрэлийг Эрүүл мэндийн сайдаар томилсон болов уу. Гэхдээ “сэлэм” У.Хүрэлсүх яагаад, яах гэж, юуны төлөө түүнийг сайдаар томилсныг хэн мэдлээ. 

Юутай ч гэхэд болно.

Юуны түрүү авлига

Эрүүл мэндийн салбарт авлига шүглэчихлээ, эмч нар өвчтөнөөс, ар гэрийнхнээс нь чихрийн цуглуулга, цэцэг, авч байна гэж АТГ байнга мэдээлдэг. Аюулт өвчнөөс ангижруулж өгснийх нь төлөө баярласан сэтгэлээ илэрхийлж, хэдэн халуун бууз, ганц нэг чихрийн цуглуулга өгөхөд юуных нь буруу байх вэ хэмээн олон нийт үзсээр ирсэн ч одоо энэ нь газар авч, хэмжээ дамжаа нь нэмэгдсээр бүр жишиг тогтоод байгаа. Мэс засал хийлгэж байгаа хүн эмч, тэдний багийнханд (унтуулагч, туслах эмч, сувилагч нар) өгдөг мөнгөний хэмжээ хэдийнээ тогтоод байна. Төрөх эмнэлэгт эх баригч эмчийн гарыг цайлгахгүй бол анхаарч хайхрахгүй байж байгаад юу ч болж мэднэ гэсэн айдас олны дунд бий болчхоод байгаа. Энэ бүх авлигын ханш хэдийнэ тогтоод, зүгээр нэг баярласан сэтгэлийн илэрхийлэл биш, бүр “албан татвар” болчхож. 

Эрүүл мэндийн салбарын авлига одоо ЭМЯ-даа нэвтэрч Эм хангамжийн байгууллагын тусгай зөвшөөрлийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Болорчимэг, эрүүл мэндийн байгууллагын тусгай зөвшөөрлийн асуудал хариуцсан мэргэжилтэн Н.Чимэдлхам нарыг албан тушаал, эрх мэдлээ урвуулж, бусдаас хахууль авсан хэрэгт холбогдуулан хуулийн байгууллага цагдан хориод байгаа. Тэр мэргэжилтэн Б.Болорчимэг гэгчийг сайд Д.Сарангэрэлийн халаасны хүн хэмээн хэвлэлүүд бичиж байна.


Сүрьеэ

Саявтар нийслэлийн ерөнхий боловсролын 15 дугаар сургуулийн 500 гаруй хүүхэд нийгмийн халдварт өвчин сүрьеэгийн халдвар авсан нь илэрсэн бол тун удалгүй 97 дугаар сургуулийн 70 сурагч бас л сүрьеэгийн сорил нь тааруухан гарсан мэдээлэл олны сонорт хүрсэн. Гэтэл дараахан нь Төв аймгийн Сүмбэр сумын бага ангийн багш Б.Болорцэцэг “2016 онд сүрьеэгийн халдвар их байна гэсэн судалгааг холбогдох газруудаас хийсэн байхад ЭМЯ арга хэмжээ аваагүйд гомдолтой байна. Өнөөдрийн байдлаар ганц манай сум гэлтгүй аль ч суманд үзлэг шинжилгээ хийхэд халдвар айдас дагуулахаар хэмжээнд хүрчхээд байна. Манай сургууль 300 гаруй хүүхэдтэй. Үүнээс сүрьеэ өвчний халдвар авсан 200-аад хүүхэд, халдвартай гэдэг нь тогтоогдсон зургаан хүүхэд байна” хэмээн мэдэгдлээ. 

Харин Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл энэ тухайд “Манай яам сайн ажиллаж байгаа учраас л энэ бүхнийг илрүүлж байна” хэмээн хэнэг ч үгүй мэдэгдээд сууж байна. Юм л бол “Аян” зарлаж, “кампани” өрнүүлдэг МАН-ын Засгийн газар, ЭМЯ, Д.Сарангэрэл хатагтай өнөөх “Тэмцэл” кинон дээр “Хаантаан урд шөнө юу ч болоогүй юм чинь дээ” гэдэг шиг ёстой юу ч болоогүй юм шиг л сууж байна. 

Агаар дусал, амьсгалын замаар халдварладаг нийгмийн онц аюултай халдварт өвчин дэлгэрэх дэлгэрэхдээ манай ирээдүй болсон хүүхэд багачуудын дунд тархаад байхад энэ сайд цочих ч үгүй сандал суудалтайгаа зууралдсаар л...

Тэмбүү

Ёс зүйтэй, ёс суртахуунтай, тэгээд төлөвшсөн улстөрч бол огцорч байгааг мэдэгдээд сандал суудлаа чөлөөлчихөөр аймшигт явдал үүгээр дууссангүй. Д.Сарангэрэл сайдыг сандлаасаа салж чадахгүй сүрьеэгийн дуулианыг эвтэйхэн намжаачих гэж суух зуур дахиад бүр аймшигтай халдварт өвчний дуулиан залгаж авлаа. 

Улсын хэмжээнд нийт халдварт өвчний 35-40 хувийг бэлгийн замын халдварт өвчин тэмбүү эзэлж байна гээд яамныхан өөрсдөө зарлав. Тэгээд МАН-ын хамгийн сайн хийж чаддаг, өөрсдийгөө рекламдаж чаддаг ажил болох “АЯН” зарлах юм гэнэ. МАН-ын авлига, мафийн загалмайлсан эцэг С.Баярын нэгэн цагт “Атрын аян” гэдэг шиг “Тэмбүүгийн эсрэг улаан тарианы аян” кампани өрнүүлж хожим үүгээрээ алдарших юм байх. Дотроо бол хожмын хойно олон түмэн Д.Сарангэрэл сайдын үед тэмбүүгийн эсрэг хоёрдугаар аян өрнүүлж ор мөргүй устгасан шүү” гэж дурсан ярьж, ном зохиолд тэмдэглэх ухааны юм бодож байгаа нь тэр.


Д.Сарангэрэл сайд өөрөө баахан эмч, сувилагч нарыг ардаа фон болгон зогсоож байгаад “Тэмбүү өвчин үндэсний аюулгүй байдалд нөлөөлөхүйц хэмжээнд хүрсэн тул ийнхүү арга хэмжээ авахаар боллоо. Өнөөдөр манайд тэмбүү өвчинтэй тэмцэх шаардлага бий болсон. Учир нь одоогоор нийт халдварт өвчний 35-40 хувийг бэлгийн замын халдварт өвчин буюу тэмбүү эзэлдэг. Жил бүр 50-55 төрөлхийн тэмбүүгийн тохиолдол гарч байна. 1990 оноос өмнө хүн амын 95.5 хувийг тэмбүү өвчнөөс урьдчилсан сэргийлэх үзлэгт оруулж, 87 хувийг нь эмчилж байсан” хэмээн баяр ёслолын байдалтай зарлав. Яг л баярын концертын найрал дуу шиг. Үүнийг нь гадаадын хэвлэлүүд шүүрэн авч Монгол Улс тэмбүүнд баригдлаа гэсэн утгаар дэлхийгээр нэг цацсан нь ёстой нөгөө “Тэмээн дээр ямааны гарз” гэгчийн үлгэрээр улс орныхоо нэрийг шаварт хутгаад хаячих нь тэр. 

AKIPRESS.COM хэвлэл зургадугаар сарын 10-нд “Mongolia announces national campaign against syphilis” буюу “Монгол Улс тэмбүүгийн эсрэг үндэсний аян зарлалаа” гэсэн гарчгийн дор “Зүүн Азийн энэ оронд ихэд дэлгэрч асуудал болоод байгаа бэлгийн замаар халдварладаг тэмбүүтэй дайн зарлаж байгаагаа Монгол Улсын Эрүүл мэндийн сайд Даваажанцангийн Сарангэрэл мэдэгдсэнийг Синхуа агентлаг мэдээллээ... 2018 онд энэ улсад бэлгийн замаар халдварладаг өвчний 16 мянган тохиолдол илэрсний 40 орчим хувь нь тэмбүү өвчин байсан гэж ЭМЯ нь хүлээн зөвшөөрч байна” гэж мэдээлээд эрхэм сайдын зургийг томоор матарлажээ.


МАН-ын Засгийн газар нэг сэрэхдээ нэг сая, дахиад нэг сэрэхдээ хоёр сая жуулчин авна гэдгийг Д.Сарангэрэл сайд ийн ганцхан сүржигнэлээрээ “будаа” болгох нь тэр. 

Энэ нь ч яах вэ дүүрсэн хэрэг гэхэд ард түмнээ сүрьеэ, тэмбүү зэрэг халдварт өвчинд нэрвэгдэж энэ нь хэм хэмжээнээс хэтэртлээ тархаах хүртэл нь юу ч мэдэлгүй ажин түжин, таг чиг суусан У.Хүрэлсүх тэргүүтэй Засгийн газар, түүний Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл ер юу ч болоогүй л юм шиг инээд ханиад болоод “бүр баярлаж хөөрөөд” гүйж байдаг.

Төрд биш У.Хүрэлсүхэд хэрэгтэй “зайран” хатагтай

Угаасаа 2016 оны амлалтаасаа бүрэн эргэж, төрөл бүрийн татвар нэмж, шинэ татвар бий болгон, инфляцыг алдаад бараа бүтээгдэхүүний үнэ хөөрөгдөн, ард түмнийхээ амьжиргааг умартаад зөвхөн идэж завших, төрөөс, ард түмнээс хулгайлахын дон туссан танхимынх нь сайд бүрийн ажил шалдаа бууж улс орны нийгэм эдийн салбар бүрт нь зүгээр нэг уналт ухралтаас илүүтэй байж боломгүй зүйл гарсаар байхад өнөөх “хариуцлагагүй үйлдэл, хүн бүрт хариуцлага тооцно”, “Сэлэмдээд өгнө” гэсэн У.Хүрэлсүх одоо таг чиг, арай л тэднийгээ өмөөрөн хэрүүл хийж, суулт зарлаагүй байж байна.


МАН, түүний У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулах түмэн шалтгааны нэг томоохон шалтгаан нь ард иргэдээ халдварт өвчин, сүрьеэ, тэмбүүнд нэрвэгдээд байхад нүүр нь улайж, нүд нь бүлтийхгүйгээр “Харин ч бид сайн ажиллаж байгаагаас энэ бүхнийг илрүүллээ” хэмээн баяр ёслолын байдалтай мэдээлж суугаа Даваажанцангийн Сарангэрэл сайд. Энд тэндэхийн эмнэлэгт эмч нарын хариуцлагагүйгээс амь алдсан, нялх нярайгаа эндүүлсэн тохиолдол бүрийг дурдвал дуусахгүй. 

Тухайн салбартаа үр дүнтэй ажиллаж байгаа, мэргэжилдээ сайн нэгнийг хүмүүс өмнө нь “Төрд хэрэгтэй зайран” хэмээн хүндэтгэн нэрлэдэг байсан бол ажлаа алдуулаад байгаа Д.Сарангэрэл сайдыг чинь одоо юу гэх вэ. Ийм болтлоо шалдаа буучхаад байхад нь огцруулж, сэлэмдэхгүй хадгалаад байгаагийнх нь хувьд “У.Хүрэлсүхэд хэрэгтэй зайран хатагтай” гэмээр юм уу даа.


У.Хүрэлсүх нь ч сайдаа халдаггүй, Д.Сарангэрэл нь ч өөрөө огцордоггүй, ажил нь ч өөдөлдөггүй, ингээд л “гүрийгээд” суугаад байх уу...

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.