“Баялагтаа эзэн Монгол” лобби бүлгийн гишүүд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ
УИХ-ын гишүүн Ж.Батзандан "МАНАН мафийн эсрэг тэмцэл 2019-11-27 ноос эхэлсэн. 2018 гарсны дараа УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ 60 тэрбумын асуудлыг сөхөж, тэмцлээ эхлүүлсэн. Т.Аюурсайхан, Л.Болд нарын гишүүд "Монголдоо эзэн больё" гэсэн сэтгэлээр нэгдэж 1,6 жил боллоо.
Энэ хугацаанд шуух хяналтын байгууллагаа МАНАН мафийн гараас салгаж авья, М.Энхболдыг огцруулья гэсэн тэмцэл рүү орсон. 60 тэрбумын хэрэг дээр мөрдөн шалгах ажиллагаа эхлүүлсэн. АТГ-ын дарга удирдлагууд, прокуроруудыг сольж өөрчилж чадсан. Алдагдсан олон баялаг орд газруудаа МАНАН-аас салгах ажлыг дэс дараатай явуулж байна.
Гэвч бидний тэмцэлд асар их саад учирч байна. Эрдэнэтийн 49 хувийг дээрэмдэж авсан 4 үсэгтэй генерал /Б.Хурц/ "сахал" Д.Эрдэнэбилэг нар ямар ч саадгүй гадуур явж байна. Хар тамхины наймааны ард 4 үсэгтэй генерал байна гэдэг мэдээлэл баримттайгаа ирсэн... Монголын мафийн толгойлогч бол яг одоо урьдчилан хорих 461 дүгээр ангид хоригдож байгаа Д.Эрдэнэбилэг юм байна. Д.Эрдэнэбилэгийг хорьсныхоо төлөө олон шүүгч дарамтанд орж байгаагаа хэлж байна. Зоригт, Цогт, Хувьтөгөлдөрийн Идэр, Мишигийн Батсуурь гэх шүүгч нар олон шударга шүүгчийг дарамталж, МАНАН мафийн хүмүүсийг хамгаалж байна.
Бидний дараагийн тэмцэл шүүгч нарыг өөрчилнө. Нэр бүхий шүүгч нарыг нэн даруй өөрчлөх хүсэлтээ төрийн 3 өндөрлөгт явуулсан. Бид удаан харж тэсэхгүй нь. Улсын дээд шүүхийн үүдэнд жагсаал цуглаан хийхээс өөр арга алга. Монголын мафи бол биежсэн мафи байна. Тэд хар тамхины сүлжээ мафи болж өргөжсөн байна. Монголын төрийг тэр мафи атгаж байгаа юм байна" гэлээ.
УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан "Монголын төрд сүүлийн 20 гаруй жил дараах 4 хэлбэрээр МАНАН мафийг санхүүжүүлдэг байсан байна.
Нэгдүгээрт, Байгалийн баялаг /Орд газрууд, лиценз зарах эзэмшүүлэх/
Хоёрдугаарт, Авлига-Санхүүгийн суваг /Томоохон бизнесменнүүдийг дарамталдаг, концесс нэрээр авлига цуглуулдаг/
Гуравдугаарт, Төрийн албаны наймаа /60 тэрбумаар илчлэгдсэн/
Дөрөвдүгээрт, Хууль бус наймаа /Тамхи, хар тамхины наймаа/
Дараах гурван арга хэмжээг авч Монголын төрийг цэвэрлэнэ.
-Толгой хүмүүсийг нь огцруулах
-Хуулийн байгууллагуудад цэвэрлэгээ явуулах
-Шүүхийн байгууллагуудад цэвэрлэгээ явуулах
Энэ дагуу ажлуудаа ээлж дараатай хийж байна" гэлээ.
Т.Аюурсайхан: Хар тамхи болон тамхины наймаанд оролцсон мөртлөө төрийн байгууллага, дипломат албанд ажилласаар байгаа 36 хүний нэрсийг гаргасан. Дипломат болон албан паспорт эзэмшиж байгаа мөртлөө гадаадын болон дотоодын хуулийн байгууллагад шалгагдаж байгаа 58 хүний жагсаалтыг гаргасан.
Эдгээр хүмүүсийг бид цагдаа, тагнуул, прокурорын байгууллагатай хамтарч шалгана гэлээ.
УИХ-ын гишүүн Л.Болд "Бид өнөөдөр бидэнтэй нэгдсэн 120 гаруй ТББ-тай хурал хийнэ" гэлээ.
УИХ-ын гишүүн Х.Нямбаатар "Биднийг цахим орчинд 5 алиа салбадай гэх мэтээр доромжилж байна. Гэхдээ бидний тэмцэл үр дүнгээ өгч байгаад баяртай байдаг" гэлээ.
ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ "Ордон доторх тэмцэл энгийн яриа болж, улс төр хий эргэж, шударга ёсны хүсэмжлэл 95 хүрсэн байгаа энэ үед нэр бүхий парламентийн гишүүд нийгмээ өөрчлөхөөр тэмцлээ эхлүүлж байсан нь түүхэн үнэн. Иргэд цаашлаад улам их зүйл хийгээсэй гэсэн хүлээлттэй байгааг бид мэдэж байна. Би сайдын албан тушаал авчихаад амаа хамхиулахгүй.
Баяр наадмын үеэр булхайтай олон зүйл хөшигний цаана өрнөдөг. Иймд бид наадмын өмнө тэмцлээ улам хурцатгана. Бидний нэг жил ордон дотроос болон ордны гаднаас хийсэн тэмцэл эцсийн шатандаа буюу шүүхийн шатандаа очих гэж байна. Шүүхийн 3 шатаар ялагдсан гурван хүнийг эрүүдэн шүүсэн бичлэг илэрсэн. Төлөвлөгөө гаргаж хамтдаа хийсэн прокурор, тагнуул, АТГ-ын удирдлагуудыг шүүх яаж шийдэхийг дэлхий нийт харж байна. Иймд бид энэ хэргийг нүд цавчихгүй харах ёстой. Ялангуяа баяр наадмын үеэр хөшигний ард булхайтай шийдвэр гарчих вий" гэлээ.
Мэдээллийн дараа зарим асуудал дээр тодрууллаа.
-Хар тамхины наймааны ард дөрвөн үсэгтэй нэр бүхий хүн бий гэлээ. Яг хэн юм бэ? Яаж мэдсэн юм бэ?
-Т.Аюурсайхан: УИХ дахь Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хороонд мэдээлэл, баримтууд ирсэн. Одоо хууль шүүхийнхэн илрүүлэхийн төлөө ажиллаж байгаа. Та бүхэнд удахгүй тодорхой мэдээлэл өгнө. Хамтран ажиллаарай.
-Ж.Батзандан: 2003 онд Унгарын элчин сайд байсан Г.Солтан гуайн бичиг миний гар дээр байна. Тэнд ажиллаж байсан Б.Хурц гэдэг хүн тамхины наймаа хийгээд байна. Энэ хүнийг татаж аваач гэсэн хүсэлт байна. Мөн Москвад ажиллаж байсан Эрдэнэ /одоо Хонгконгд ажиллаж байгаа/ тэргүүтэй хүмүүс тамхины наймаа хийж байсан. БНАСАУ-д байгаа Цоггэрэл гэдэг хүн ч хийдэг гэсэн мэдээлэл ирсэн. Тамхины наймаа өргөжөөд хар тамхины наймаа болсон. Энэ сүлжээ маш нарийн зохион байгууллалттай. Гадаад хэргийн яам, тагнуулын байгууллагын хэрсэн том сүлжээ болох нь харагдаж байна. Попрох сонирхолтой хүмүүс байвал бидэнтэй нэгдээрэй.