Их Британи Умард Ирландын нэгдсэн вант улсын Ерөнхий сайд Тереза Мэй огцорсны дараа Консерватив намыг удирдаж Засгийн газрыг тэргүүлэх хүн хэн байх нь анхаарал татаж байгаа юм.
Парламентын танхимд өчигдөр болсон санал хураалтаар Тереза Мэйн Европын холбоог орхих тохиролцоог хурцаар шүүмжлэгчдийн нэг Борис Жонсон 160 гишүүний санал авч тэргүүлсэн байна. Түүний дараа нэр дэвшигч Жереми Хант 77 санал буюу өрсөлдөгч Майкл Гөүвээс хоёр саналаар илүүрхэж хоёрдугаарт орж дараагийн шатны санал хураалтад нэр дэвших эрхээ авлаа.
Санал хураалтад ялалт байгуулж хамгийн олон санал авсан Борис Жонсон түүнийг дэмжсэн гишүүдэд талархлаа илэрхийлж жиргэсэн байна. Дараагийн шатны санал хураалтад өрсөлдөх эрхгүй болсон Майкл Гөүв Консерватив намд гялалзаж буй оддын нэг бөгөөд нэр хүнд сайтай тул олон гишүүн дэмжинэ гэж найдаж байсан ч сүүлчийн шатны санал хураалтад үлдэж чадаагүйд ажиглагчид гайхширчээ.
Борис Жонсон болон Жереми Хант нарын хэн нь Консерватив намыг төлөөлж Их Британийн дараагийн Ерөнхий сайд болохыг ирэх долдугаар сарын 22-ны өдөр дэлхий нийтээрээ харах юм.
Нэр дэвшигчдийн хэлэлцүүлэг долдугаар сарын 9-ний өдөр болохоор төлөвлөжээ. Тэд хоёулаа Гадаад хэргийн сайдын албыг хашиж байсан ба Жонсон 2008-2016 оны хооронд Лондон хотын даргаар ажиллаж байсан олонд танигдсан улс төрч бол Хант Их Британийн Эрүүл мэндийн сайдаар хамгийн удаан ажилласан эрхэм юм.
Эх сурвалж: www.bbc.com