Өмнөд ба Умард Солонгосын хилийн дагуу 800,000 ширхэг газрын мина булсан байдаг гэжээ. Солонгосын хойгийн харилцаа наашилсантай холбогдуулан хоёр улсын хилийн дагуу Панмунжон тосгон дахь Хамтарсан аюулгүйн бүсэд нуусан тэсрэх бөмбөгүүдийг цэвэрлэж эхэллээ. Мөн Солонгосын дайны үед олон зуун цэрэг алагдсан халуун цэгүүдийг ч аюулгүй бүс болгох юм байна.
Өнгөрсөн сард Өмнөд Солонгос улсын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин Пхеньянд айлчлах үеэрээ Ким Жон Унтай уулзаж хилийн бүсийг аюулгүйжүүлэхээр болсон. Энэ сард багтаж Зэвсэггүйжүүлсэн бүсээс цэрэг армийнхныг эргүүлэн татна гэж амласан. Уг бүсэд хилийн дагуу хяналт тавих зэвсэггүй цэргүүд үүрэг гүйцэтгэж үлдэнэ. Өмнөд Солонгос улс хилийн дагуу чанга яригчаар “Хоёр Солонгосын дундах үл ойлголцлыг арилгая” хэмээн уриа явуулдаг байснаа хагас жилийн өмнө зогсоосон. Харин энэ удаа 250 км урт, 4 км өргөн Зэвсэггүйжүүлсэн бүс дэх чанга яригчуудаа буулгахаар болжээ.