Ипотекийн зээлийн шинэчлэгдсэн журам II улирлаас хэрэгжиж эхэлсэн. Энэхүү шинэ журмаар зөвхөн орон сууц биш, инженерийн байгууламжийг шийдсэн, цахилгаан халаагууртай, 120 метр квадрат хүртэлх амины орон сууц худалдан авахад 60 сая төгрөг хүртэл зээл авч болохоор тусгасан. Хэдий тийм боловч хагас жил өнгөрөхөд шинэ бодлого хэрэгжиж эхлээгүй байна. Учир нь инженерийн байгууламж, цахилгаан халаагуурын стандарт нь ямар байх зэргийг нэгтгэхээр Барилга, хот байгуулалтын яам ажиллаж байгаа юм.
Барилга, хот байгуулалтын яамны дэд сайд Б.Мөнхбаатар “Банкууд амины орон сууцыг барьцаалан 30 жилийн хугацаатай зээл олгоно. Банкуудын хувьд 30 жилийн хугацаанд амины орон сууцны үнэ өртөг хэвэндээ байх уу гэдэг асуудал яригдсан. Иймд журманд ямар амины орон сууцанд зээл олгохыг нарийвчлан тусгасан. Тухайлбал нийслэлийн ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан амины орон сууцны хороололд баригдсан байх, барилгын зураг төслийн дагуу барьсан болон барих, инженерийн болон дэд бүтцийн шийдэлтэй байх гэсэн зарчмыг тусгасан. Ирэх долоо хоногт сайдын зөвлөлөөр уг журмыг батлуулан банкуудад хүргүүлнэ. Банк, хуулийн этгээд, иргэн гэсэн гурвалсан гэрээ хийж зээл авна” гэлээ.