Махнаас татгалзаж цагаан, ногоон хоолтон болох нь хүрээлэн буй орчин, эрүүл мэнд, ёс зүйн зэрэг олон талын ашиг тустай ч эхний үед багагүй бэрхшээл тулгарч магадгүй юм. Тиймээс эрдэмтэд цагаан хоол сонгож байгаа хүмүүст дараах зүйлсийг заавал анхаарахыг зөвлөж байна.
1. Юун түрүүнд та өөрт тохиромжтой , амьдралынхаа турш тогтвортой дагаж мөрдөх зөв замаа сонгосон уу гэдэгтээ итгэлтэй болоорой. Олон жил махан хүнс идсэн хүмүүсийн хувьд амьтны гаралтай бүтээгдэхүүнүүд болох мах, сүү, өндөг зэргээс шууд татгалзах амаргүй. Тиймээс бага багаар, алхам алхмаар амьдралын хэвшлээ өөрчилж шилжих хэрэгтэй гэдгийг зөвлөж байна.
2. Таны цагаан хоолтон болох сонголтыг үнэлж ойлгох хүмүүс бий ч маханд дуртай гэр бүлийнхэн, найз нөхөд, хамтрагчийн тань зүгээс ирэх эсэргүүцэл, сөрөг хандлагыг даван туулахад бэлтгэлтэй байгаарай.
3. Хүний биед шаардлагатай уураг амьтны гаралтай мах, махан бүтээгдэхүүн, өндөг зэрэгт агуулагддаг. Харин эдгээрийг хэрэглэхээ больчихвол хаанаас уургаа нөхөх вэ гэдэг нь цагаан хоолтнуудад хамгийн түрүүнд тулгардаг асуудал. Гэхдээ санаа зоволтгүй цагаан хоолтнууд түгээмэл амьдардаг Европын орнуудад уургийн дутагдал маш ховор үзэгдэл. Самар, самрын тос, шош, вандуй, хулууны үр зэрэг олон төрлийн үр тарианд хангалттай хэмжээний уураг бий. Дан уураг гэлтгүй олон төрлийн амин дэм, эрдэс баялаг ургамлын гаралтай бүтээгдэхүүнүүдэд агуулагддаг.
4. Цагаан хоол идэж дэглэм барих нь үнэтэй тусдаг гэсэн ойлголт байдаг. Тийм биш гэдгийг та өөрийн биеэр мэдэх болно. Эрүүл зөв хооллоход зориулсан жимс жимсгэнэ, үр тариа, самар, шош, хүнсний ногоо хагас боловсруулсан хүнснээс илүү эрүүл төдийгүй таны мөнгийг хэмнэнэ.
5. Найзуудтайгаа оройн зоог барих, айлд зочлоход цагаан хоолтнуудад идэх зүйл байдаггүй гэж олон хүн боддог. Гэхдээ энэ нь таныг хүрээлж байгаа хүмүүс сонголтыг тань хэрхэн хүндэлдгээс шалтгаална. Хэрэв таныг цагаан хоолтой гэдгийг мэдэлгүй урьсан, танд зориулсан хоол байхгүй бол дуудлагаар захиалж болно шүү дээ.
6. Удаан хугацаанд мах идсэн тул хэсэгтээ л махны үнэр, амтанд татагдаж байж ядах үе бишгүй гарна. Гахайн махтай сэндвич, зайдас, үхрийн махтай бургерээр өлсөж магадгүй. Санаа зоволтгүй учир нь буурцагны махаар орлуулж төрөл бүрийн хүнс үйлдвэрлэдэг болсон.
Эх сурвалж: www.theguardian.com