АНУ-ын Нью Йорк хотод төвтэй "Cerberus Capital Management LP" хувийн хөрөнгө оруулалтын сан нь MCS группийн салбар компаниудын 25 хувийг 110 сая ам.доллараар худалдаж авахаар ярилцаж байгаа талаар “The Wall Street Journal” мэдээлсэн.
Нийт 39 тэрбум ам.долларын хөрөнгийг удирддаг тус сан Монголын томоохон компаниудын нэг - MCS группийн харилцаа холбоо, хүнсний үйлдвэрлэлийн салбаруудын хувийг худалдаж авахаар ярилцаж байгааг уг хэлэлцээрт ойр эх сурвалж мэдээлжээ. Тодруулбал, "Юнител", "Юнивижн", "DDISH" зэрэг харилцаа холбоо, MCS Coca cola зэрэг компаниудын 25 хувийг худалдаж авах санал тавьсан гэсэн үг юм.
Үүнтэй холбогдуулан, MCS группийн албан ёсны хуудаст энэ талаар тайлбар тавигджээ. Тайлбарт, "М-Си-Эс Группт дотоод, гадаадын хөрөнгө оруулагчдаас бизнесийн санал байнга ирдэг. Тус Группийн бүрэлдэхүүнд гадаад, дотоодын компаниудтай хамтарсан хөрөнгө оруулалттай бизнесүүд хэд хэд бий боловч хөрөнгө оруулалтын санал болгон гэрээ, хэлцэл болдоггүй. Уолл Стрийт сэтгүүлийн нийтлэлд дурьдсан хөрөнгө оруулалтын саналын тухайд талууд тохиролцож, шийдвэрлэсэн зүйлс үгүй болохыг үүгээр мэдэгдэж байна" гэжээ.