Индонезийн эрх баригчид хүн ам шигүү суурьшсан нийслэл хотоо Жакартагаас өөр хот руу шилжүүлэх үйл явцыг албан ёсоор 2021 оноос эхлүүлэхээр төлөвлөж байгаа ажээ. Дэд бүтэц нь хуучирсан Жакартагаас нийслэл хотоо нүүлгэн шилжүүлэхийг Индонезийн Ерөнхийлөгч Жоко Видодо өнгөрсөн дөрөвдүгээр сарын сүүлчээр санал болгосон ч Засгийн газраас албан ёсоор дэмжээгүй байсан юм. Индонезийн Үндэсний хөгжлийн төлөвлөлтийн сайд Бамбанг Брожонегоро “Барилгын ажлыг 2021 онд эхлүүлэх бөгөөд нийслэл хотыг шилжүүлэх үйл явцыг 2024 он гэхэд дуусгана гэж найдаж байна. Шинэ нийслэл Индонезийн төв хэсгийн Калимантан аралд бий болно. Хотыг нүүлгэн шилжүүлэх зардал 32.5 тэрбум ам.доллар болно гэж үзэж байна” гэжээ.
Индонезийн Засгийн газар өмнө нь энэ төслийг хэрэгжүүлэхэд 22.6 тэрбум ам.доллар зарцуулна гэж тооцоолж байсан юм. Нийслэл Жакарта хотын замын түгжрэлд автомашинууд жилд 22 өдрийг зарцуулдаг болохыг “Uber” компанийн явуулсан санал асуулгын дүн харуулсан. Энэ нь Азидаа хамгийн өндөр үзүүлэлт болжээ. Үүнээс гадна Жакарта хотыг яаралтай нүүлгэн шилжүүлэхгүй бол байгалийн хүчний улмаас живэх эрсдэлтэй байгаа гэнэ. Жакарта өнгөрсөн 10 жилийн хугацаанд 2.5 метрээр доошилж, зарим хэсэгт нь 25 смээр суусан байна. Энэ нь далайн эргийн дэлхийн бусад томоохон хоттай харьцуулахад хоёр дахин их суулт өгсөн үзүүлэлт аж. Үүнээс гадна 2050 он гэхэд Жакарта хотын 95 хувь нь живнэ гэсэн судалгааг Бандунг технологийн институцээс гаргасан юм. Жакарта хот нь хамгийн их ачаалалтай нийслэл хотуудын жагсаалтад 12 дугаарт ордог байна. Жава арлын хамгийн том хот болох Жакартагийн албан ёсны буюу бүртгэлтэй оршин суугч 10 гаруй сая хэдий ч тус хотод одоогийн байдлаар 30 сая гаруй хүн оршин суудаг байна. Харин Жава арал дээр Индонезийн 260 сая иргэний 60 хувь нь амьдардаг.