БНСУ-ын Засгийн газар ган гачигт нэрвэгдээд байгаа БНАСАУ-ын ард иргэдэд 50,000 тн цагаан будааны тусламж илгээхээр болжээ. Энэ нь 10 орчим жилийн хугацаанд анх удаа өмнөд улс умардын ахан дүүстээ хүнс тэжээлийн тусламж үзүүлж буй явдал юм. Хамгийн сүүлд 2010 онд 5,000 тн буюу одоо өгөх тусламжийн 10 хувьтай тэнцэх хэмжээний цагаан будааг хандивлаж байжээ.
Ган гачиг болоод олон улсын эдийн засгийн хоригоос үүдэж Умард Солонгост хүнсний хомсдол нүүрлээд байна. Өмнөд Солонгосын Нэгтгэлийн яамнаас аль болох ойрын хугацаанд илгээхээ амласан цагаан будааны тусламжийг хүргэх ажлыг НҮБ-ын Дэлхийн хүнсний хөтөлбөр хяналт тавин гүйцэтгэх юм.
Сөүлийн эрх баригчид хоёр улсын харилцаа нааштай байгаа энэ үед НҮБ-д Умард Солонгосын хүүхэд эмэгтэйчүүдэд эм бэлдмэл, хоол тэжээлийн тусламж үзүүлэх хөтөлбөрүүдийг дэмжиж найман сая ам.доллар хандивласан юм. Өнгөрсөн сард НҮБ Умард Солонгосын 10 сая иргэнд хүнсний тусламж нэн шаардлагатай гэсэн мэдээллийг өгчээ.
Тус улсад хүнс тэжээлийн хомсдолд орсон иргэд хоногт 300 гр хүнсээр өл залгуулдаг гэж НҮБ мэдээлэв.
Эх сурвалж: www.bbc.com