А.ЭНХ-АМГАЛАНТУУЛ
Алтай, Улиастай хотын 44 сум, 21 мянган хэрэглэгч эрчим хүчний нэг системээс цахилгаанаа авдаг. Гэтэл улс орны хөгжилд түүчээлэх үүрэгтэй хамгийн чухал салбарт тооцогддог эрчим хүчний системийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, үр ашгийг дээшлүүлэх шаардлагатай байна. Тэр дундаа баруун бүсийн хөгжлийн тулгуур болж, байгуулагдаад 10 гаруй жил болж буй Алтай-Улиастайн эрчим хүчний системийн үр ашгийг дээшлүүлэх арга зам, боломжийг салбарын эрдэмтэд, инженерүүд эрэлхийллээ.
Манай орны хувьд байгалийн арвин баялаг нөөцтэй, эрчим хүчний хэрэглээ харьцангуй таатай нөхцөлд байгаа нь эрчим хүчний дутагдлаас богино хугацаанд гарах том боломж, давуу тал юм. Харин хүн ам тархай бутархай суурьшсан, газар нутаг томтой нь эдийн засгийн үр ашгийг бууруулах сул тал болж байгааг эрчим хүчний салбарынхан хөндлөө. Тиймээс эрчим хүчний бие даасан сүлжээ, жижиг эх үүсвэрүүдийг хөгжүүлэх шаардлагатайг онцлов. Мөн эрчим хүчний бизнес нь хөрөнгө оруулалтаа харьцангуй удаан нөхдөг учраас энэ салбарт хувийн хэвшил хөрөнгө оруулах нь эрсдэлтэй. Төрийн урт хугацааны дэмжлэггүй бол ялангуяа, манайх шиг хөгжиж буй орны хувьд эрчим хүчний эх үүсвэрийг хувийн хэвшилд даатгаад орхих биш зайлшгүй төрийн санхүүжилт хэрэгтэй нь эрдэм шинжилгээний хурлын илтгэлд дурдагдаж байв.
Эрчим хүчний нөхөн үйлдвэрлэл, аюулгүй байдал муудаж байгаа учраас аюулгүй байдлыг хангахад онцгой анхаарахгүй бол томоохон эрсдэл дагуулна. Цаашлаад нар, салхи, ус, нүүрсний нөөцөөр үйлдвэрлэл явуулдаг цахилгаан станцуудын хүчин чадлыг нэмэхгүй бол үйлдвэржилт гэж яриад нэмэргүй. Эрчим хүчний салбарт тулгамдаж байгаа зайлшгүй шийдэх ёстой асуудал бол үнэ аж. Алтай-Улиастайн эрчим хүчний систем шат дамжлага бүрээс алдагдал хүлээдэг. Энэ нь хэрэглээний үнэд нөлөөлнө. Тодруулбал, нэг квт цаг цахилгаан эрчим хүчийг үйлдвэрлээд, дамжуулаад хэрэглэгчдэд түгээх зардлаас 107 төгрөгийн алдагдал хүлээдэг. Энэ алдагдлыг нөхөхийн тулд одоо мөрдөж буй хэрэглэгчийн тарифыг 80 хувиар нэмэгдүүлж байж бодит өртөгт хүрэх юм байна. Өөрөөр хэлбэл, хот суурин газар болон төвийн бүсийн цахилгаан хэрэглэгчдээс баруун бүсийн буюу Алтай, Улиастай хотын 44 сумын 21 мянган хэрэглэгч даруй хоёр дахин өндөр үнэтэй цахилгаан хэрэглэх нөхцөл байдал үүсчээ. Хэрэв иргэдийг өндөр үнэтэй цахилгааны төлбөрөөс хөнгөлье гэвэл улсын төсвийн татаасыг нэмэх шаардлагатай. Үгүй бол одоо байгаа цахилгааны үнийг шат дараатайгаар нэмэхээс өөр аргагүйг албаны хүмүүс хэлж байна.
МЭХА-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга, доктор(Ph.D) Г.Пүрэвдорж:
-Монголд эрчим хүчний баялаг нөөц хангалттай. Үүнд анхдагч нар, салхи, ус болон нүүрсний нөөц орно. Харин эдгээрийг ашиглаж үйлдвэрлэл явуулдаг цахилгаан станцуудын хүчин чадал хүрэхгүй байна. Жишээлбэл, төвийн эрчим хүчний системээс алслагдсан Завхан, Говь-Алтай аймгийг эрчим хүчээр хангадаг Алтай-Улиастайн эрчим хүчний чадал муу түвшинд байна. Дахиад үйлдвэр бий болгоё гэхэд станцын хүчин чадал дийлэхгүй. Эрчим хүч байхгүй бол хэчнээн хүсээд ч үйлдвэр баригдахгүй. Бүс нутагт аж үйлдвэрийг хөгжүүлье гэхээр эрчим хүч байхгүй учраас хөгжихгүй байна.
АУЭХС ТӨХК-ийн Ерөнхий инженер Б.Бээжин:
-Алтай-Улиастайн эрчим хүчний системийн шугамнуудыг шинэчилж, шинэ технологиуд нэвтэрсэн болохоор доголдох асуудал гарахгүй. Байгалийн давагдашгүй хүчин зүйлд тэсвэртэй хамгаалалтуудыг хийсэн. Алтай-Улиастайн эрчим хүчний системийн чадлын хязгаарлалт, хэрэглээ нэмэгдэж байна. Анх суурилуулсан станцуудын чадал хүрэлцэхгүй байгаа учраас чадлыг нь томсгож, хүчин чадлаа нэмэгдүүлэх арга хэмжээ авч байна.Үүнтэй холбоотойгоор дэд станц өргөтгөх, томсгох, шугам засварын ажлыг хийж байгаа. 2020 он гэхэд Алтай-Улиастайн эрчим хүч Төвийн эрчим хүчний бүсээс 110 квт-аар холбогдоно.
ЭХЗХ-ны үнэ тариф, зах зээлийн газрын мэргэжилтэн Б.Галбадрах:
-Алтай-Улиастайн эрчим хүчний системийн хэрэглэгчид эцсийн үнийн хувьд төвийн бүстэйгээ ойролцоо үнээр цахилгаан авч байгаа. Гэвч нэгдсэн систем нь хэт урт шугамтай, зарлага өндөр байдаг учраас байнга алдагдалтай ажилладаг. Нэг квт цаг цахилгаан эрчим хүчийг үйлдвэрлээд, дамжуулаад хэрэглэгчдэд түгээх зардал нь 243 төгрөг байдаг. Гэтэл хэрэглэгчдээс орж ирж байгаа орлогын дундаж үнэ нь 136 төгрөг байна. Өөрөөр хэлбэл, нэг квт цаг цахилгаан эрчим хүчийг борлуулсны төлөө 107 төгрөгийн алдагдал хүлээж байна. Энэ алдагдлыг нөхөхийн тулд одоо мөрдөж буй хэрэглэгчийн үнийг 80 хувиар нэмэгдүүлж байж бодит өртөгт нь хүрнэ. Гэтэл орон нутгийн эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдалд үнийг огцом нэмснээр амьжиргаанд сөргөөр нөлөөлөх учраас өсгөх боломж хомс. Гэвч цаашид үнийг үе шаттайгаар нэмэгдүүлж байж бодит өртөгт хүргэх ёстой. Компани алдагдлынхаа 3.1 тэрбум төгрөгийг улсын төсвөөс авдаг. Тиймээс систем, санхүүгийн найдвартай үйл ажиллагааг тогтворжуулах чиглэлээр арга хэмжээ авах хэрэгтэй. Хэрэглэгчдийн үнийг нэмэхгүйгээр техникийн шийдлээр шугамын хүчин чадлыг нэвтрүүлэхээр боломжтой боловч 100 хувь шийдэх арга зам биш. Заавал өртөгт нь уялдуулж байж шийдэх асуудал юм.
2019.6.20 ПҮРЭВ №125 (6092)