Бангладеш улсын Патуакали дүүрэгт баригдаж байгаа эрчим хүчний станц дахь Хятадын болон уугуул нутгийн ажилчид өөр хоорондоо зөрчилдөж ширүүн мөргөлдөөн гарсан байна. Цагдаа нар ирж хоёр улсын ажилчдын мөргөлдөөнийг салгаж байдлыг намжаажээ.
Мөргөлдөөний үеэр Хятадын иргэн амиа алдсан болохыг цагдаагийн газраас мэдэгджээ.
Эрчим хүчний үйлдвэрт ажиллаж байсан Бангладеш улсын иргэн өндрөөс унаж амиа алдсаныг Хятадын талын ажилчид нуун дарагдуулахыг завдсан гэж үзсэн учраас үл ойлголцол үүсч хоёр улсын иргэд хуваагдаж талцан мөргөлдөөн үүссэн байна. Эхлээд ирсэн цагдаа нар нөхцөл байдлыг хяналтад авч чадаагүй учраас нэмэлт хүч дуудаж 1,000 цагдаа гаруй цагдаагийн офицер иржээ.
Нийслэл Дака хотоос 200 км орчимд байдаг Патуакалийн эрчим хүчний станцад 6,000 хүн ажиллаж байгаагийн 2,000 нь Хятадаас ирсэн байна. Мөргөлдөөний улмаас 10 гаруй хүн бэртэж гэмтсэний зургаа нь Хятадын иргэд байгаа юм.
Ойрын жилүүдэд Хятадын Засгийн газар Бангладеш улсын бүтээн байгуулалт, зам харилцаа, эрчим хүчний станцууд зэрэг дэд бүтцийн салбарт их хэмжээний хөрөнгө оруулж хамтран ажиллах болсон. Хамтын ажиллагааны хүрээнд Хятадын компаниудын оруулж ирж буй ажилчид орон нутгийн иргэдтэй зөрчилдөх нь их байдаг ажээ.
Тухайлбал 2016 онд Хятадын санхүүжилттэй төсөл хэрэгжүүлж байсан хоёр цахилгаан станцад тосгоны оршин суугчид эсэргүүцэл үзүүлж бослого хийн галт зэвсгээр буудаж байсан тохиолдол бий.
Эх сурвалж: www.bbc.com