СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2019-06-20

11 жилийн түүхтэй номын сангийн барилгын ажил 50 хувьтай байна

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

Б.Цэнд-Аюуш

Одоогоос 11 жилийн өмнө сүр дуулиантайгаар шав тавих ёслолыг нь хийж байсан Үндэсний төв номын сангийн шинэ өргөөний барилгын гүйцэтгэл өнөөдрийн байдлаар 50 хувьтай байна. Тухайн үед Кувейтын Засгийн газраас 20 сая ам.долларын буцалтгүй тусламжаар барихаар төлөвлөсөн ч тусламж сураг алдарснаар барилгын ажил хойшилж 2014 онд эхэлсэн байдаг. Засгийн газрын 2012­-2016 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт Үндэсний номын сангийн шинэ барилгын ажлыг тусгаснаар ажил нь ийнхүү эхэлсэн түүхтэй. Барилгын ажлын гүйцэтгэгчээр “Акми холдинг” компани шалгарч, номын санг 12 тэрбум төгрөгөөр гурван жилийн хугацаатай барьж дуусгахаар гэрээлжээ.

Гэтэл өнгөрсөн хугацаанд шинэ номын сангийн барилга сүндэрлэх нь байтугай угсралтын ажил яагаад 4­-5 давхраас хэтрээгүйг тодруулахаар Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын хажууд байрлах, барилга барьж буй талбайд очлоо. Барилгын гаднах авто замын хажуугаар явган хүн явахад хүндрэлтэй аж. Барилга дээр 15-20 хүн ил харагдах зарим нь А, В блокийн өрлөгийн ажил хийж, материалаа зөөж байлаа. Харин барилгын гадна талбайд хоёр хүн зам тавьж байв. Энэ үеэр барилгын талбайд инженер техникийн ажилтнуудтай нийлсэн 40 гаруй хүн өдөр бүр 08.00-­20.00 цаг хүртэл ажиллаж байгааг “Акми холдинг” компанийн менежер Д.Батбаяр хэллээ. Тэрбээр ” гэв. 

Энэхүү барилга нь гурван блокоос бүрдэх бөгөөд А, В блок нь дөрвөн давхар, Б блок нь 11 давхар байх юм. Харин барилгын ажлын явц одоогоор А, В блокийн угсралт, өргөлтийн ажил дуусч 60 гаруй хувьтай байгаа аж. Харин Б блокийн угсралтыг хийж байгаа юм байна. Б блокийн нийт ажлын гүйцэтгэл 30 хувьтай байгаа гэнэ. Гүйцэтгэгч компанийн төлөвлөж байгаагаар барилгын ажлыг дуусгахад зургаан тэрбум төгрөг шаардлагатай бөгөөд ирэх оны тавдугаар сард ашиглалт өгөхөөр тооцжээ. Ийнхүү гүйцэтгэгч компани барилгын ажлыг хөрөнгө оруулалтаас болж хойшилж байгааг тайлбарласан бол тус барилгын ойр орчим дахь иргэд барилгын ажилчид шуурхай, тогтвортой ажилладаггүйг хэлж байлаа. Тухайлбал, Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын ажилтан О.У “Барилгынхан тогтмол ажиллахгүй байгаа нь анзаарагддаг. Нэг хэсэг эрчимтэй ажиллаж байгаад алга болчихно. Саяхан Ерөнхий сайдыг барилгын ажлын явцтай нь танилцсаны дараа их эрчимтэй ажилласан. Дараа нь хэсэг хугацаанд ажиллаагүй. Ажлаа шуурхайлаад хийчихгүй заавал өдрийн цагаар зам хааж, техникүүдээ оруулна. Энэ нь бидэнд их төвөгтэй байдаг” гэв.

Харин хөрөнгө оруулалтын ажлыг шахаж шаардаж, гэрээний хэрэгжилтийг нь хангуулах үүрэгтэй салбарын яам нь энэхүү ажилд хэрхэн анхаарч байгааг тодруулахаар холбогдох мэргэжилтэнтэй холбогдлоо. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Үйлдвэрлэлийн хэлтсийн мэргэжилтэн Т.Амартүвшин “Яамны зүгээс гүйцэтгэгч компанийг ажилчдын тоогоо нэмж, ажлаа шуурхай урагшлуулахыг байнга шаардаж байгаа. Нөгөөтэйгүүр өмнөх жилүүдийн төсөвт номын сангийн шинэ барилгын ажилд бага хэмжээтэй мөнгө тавьж байсан нь ажил удаашрахад нөлөөлсөн. Харин сүүлийн 2­3 жилд соёл урлагийн салбарын хөрөнгө оруулалт нэмэгдсэнээр номын сангийн барилгын ажил урагшилж байна. Энэ жил гэхэд барилгын ажилд 3.3 тэрбум төгрөг суулгасан. Ирэх жил 3.3 тэрбум төгрөг суулгаснаар ажил дуусна гэж тооцож байгаа. Гэхдээ Ерөнхий сайд барилгын ажлын явцтай танилцаж, энэ онд барилгыг ашиглалтад оруулах үүрэг өгсөн. Ирэх оны төсөвт суулгах хөрөнгө оруулалтыг энэ онд шийдвэрлэхэд анхаарах талаар хэлсэн. Тиймээс яамны зүгээс гүйцэтгэгч компаниас энэ жил ажлаа дуусгах нарийн төлөвлөгөөг шаардаж байгаа. Өнөөдөр (өчигдөр) яамны ажлын хэсгийнхэн төлөвлөгөөний дагуу барилгын талбай дээр очиж, хяналт тавилаа. Шаардлагатай бүх бичиг баримтыг тухай бүрт нь шийдээд явж байгаа. Мөн мэргэжлийн хяналтын байгууллага, Барилга хөгжлийн төвийнхөн барилга гүйцэтгэлийн чанар, стандартад нь байнга хяналт тавин ажиллаж байгаа” гэсэн юм.

Ямартай ч дэлхийн шинжлэх ухаан, технологийн сүүлийн үеийн ололтод тулгуурласан сан хөмрөг бүхий Үндэсний номын сангийн олон жил царцсан барилгыг энэ жил ашиглалтад оруулах бололтой. Гэхдээ хөрөнгө оруулалт байх хийгээд гүйцэтгэгчид нь чадварлаг, ажлын туршлагатай гэдгээ нотолбол шүү дээ. Хэдийг хүртэл номын сангийн барилгыг балгас болгох вэ дээ.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.