Зун цагт иргэд ээлжийн амралтаа авч, амралт сувилал, хөдөө орон нутагт амрахаар зорьж буй. Иймд рашаан, сувилалд орохдоо юу анхаарах, зуны улиралд ямар хоол хүнс хэрэглэх ёстой. Бага насны хүүхдийг зуны цагт хэрхэн чийрэгжүүлэх талаар Уламжлалт анагаах ухаан, технологийн хүрээлэнгийн их эмч, анагаах ухааны магистр Б.Номинтой ярилцлаа.
-Зун цагт рашаан, сувилалд явах хүмүүсийн тоо олширдог. Мэдээж заримынх нь ажил амралттай холбоотой байдаг байх. Ер нь зуны улиралд рашаан сувилалд явснаар эрүүл мэндэд үзүүлэх нөлөөлөл нь илүү байдаг уу?
-Уламжлалт эмчилгээнд идээ ундаа, явдал мөр, эмийн, заслын гэсэн дөрвөн төрлийн чиглэлээр эмчилгээ явдаг. Зуны улирал бол өөрөө л эмчилгээ гэсэн үг. Зун өвс ногоо хүртэл соёолоод тэрийг дагаад хүмүүсийн сэтгэл санаа өөдрөг, хөнгөн болдог. Яг энэ үед байгалийн гүнээс гарч байгаа шинэ хүчилтөрөгч, эрдэс бодисыг агуулсан нуур цөөрөм, рашаан сувилалд очих нь эрүүл мэндэд асар чухал нөлөөтэй байдаг. Бүтэн жилийн эрүүл мэндийн нөөцөө хуримтлуулах боломжтой цаг бол зуны улирал гэж хэлж болно. Рашаан уух, орох, шавар тавиулах, цус гаргах, ширүүн засал хийлгэх байдлаар уламжлалт заслуудыг сувиллын газруудад хийдэг. Эдгээрийг бүгдийг хийлгэж болно.
Ялангуяа ширүүн засал гээд байгаа хануур, самнуур, шивүүр зэргийг хаврын ханш нээх цагаас эхлээд намрын улирал хүртэл хийлгэх нь элбэг байдаг. Яагаад гэвэл хавраас эхлээд модон мах бодь дэлгэрдэг учраас муу цусыг гаргах боломжтой цаг гэж үздэг.
-Рашаан, сувилалд явсны дараа гам, дэглэм барих нь их чухал байдаг. Энэ талаар зөвлөгөө өгөхгүй юу?
-Орчин үед уламжлалтын эмчилгээ хийлгэсэн тохиолдолд битүү хувцас өмсгөн өөрийгөө хөлөргөдөг. Үүнээс болж салхи цохидог. Гэхдээ бас гам хийж байна гээд л дулаан хувцас өмсөөд, хамаг хөдөлгөөнөө хорих нь гам биш. Тэгэхээр цаг агаартай тохируулж хувцаслана. Нэвт салхинд суухгүй, бороонд норохгүй, халуун наранд удаан сууж өөрийгөө халаахгүй зэрэг хэтэрхий гэсэн зүйлийг хорих хэрэгтэй.
-Рашаан дотроо халуун, хүйтэн гэж бас бий. Тухайн хүний эмчилгээ хийлгэх гэж байгаа эрхтнээс хамаараад ямар рашаанд эмчлүүлэх нь шалтгаалдаг байх?
-Халуун өвчинтэй хүн хүйтэн рашаанд, хүйтэн өвчинтэй хүн халуун рашаанд орно гэсэн тогтсон зүйл байхгүй. Уламжлалт заслыг эмчийн заалтаар тухайн хүний биеийн онцлог болон цаг улиралд тохируулан хийнэ. Тэрнээс дур мэдэн тэндхийн рашаан, эмчилгээ сайн гэж явах нь эрсдэлтэй. Хүүхдэдээ рашаан өгөхөөр бол уламжлалтын эмчид хандах хэрэгтэй.
-Зуны улиралд ямар төрлийн хоол хүнс хэрэглэвэл шингүүр сайтай, эрүүл мэндэд тустай байдаг вэ?
-Иргэдийн хувьд зуны цагт идээ ундаандаа анхаарч эхлэх хэрэгтэй байдаг. Эрт дээр үеэс зундаа цагаан идээг түлхүү хэрэглэж, махнаас татгалцдаг. Уг соёл уламжлалаа дагах хэрэгтэй. Махны хэрэглээгээ багасгаад тэр дундаа боловсруулсан цагаан идээг түлхүү хэрэглэх хэрэгтэй. Үүнд ээдэм, тараг, ээзгий намрын цагт айраг түлхүү хэрэглэвэл биед ач холбогдолтой. Хүн нэг удаад идэхдээ өөрийнхөө хоёр алга тоссон хэмжээтэй ходоодтой гэж бодоход хоёрны нэгт нь хоол хүнс, дөрөвний нэгт шингэн, дөрөвний нэгийг хоосон орхино гэж тооцоолдог. Ойр ойрхон багаар зуны цагт хөнгөхөн хооллох нь хэрэгтэй. Тухайн улиралд дэлгэрсэн хүнсний ногоо, жимс жимсгэнийг хэрэглэх нь зохимжтой.
-Хүүхдийг зуны улиралд чийрэгжүүлэх аргуудын талаар?
-Хүүхдийг зуны улиралд агаараар, нараар, айраг, гүүний саамаар арчих, шар сүүнд хүүхдээ оруулах зэрэг нь маш сайн нөлөөтэй. Зуслан, хөдөө газарт хүүхдийг хөл нүцгэн явуулах нь маш сайн. Учир нь хүний уланд маш их биологийн цэгүүд байдаг тул тэрийг байгалийн аргаар сэдрээж өгч байна гэсэн үг. Тэрнээс бол хүйтэн шалан дээр явуулахгүй. Хүүхдийн дархлаа нас бага байх тусам муу байдаг. Иймд нэг нас хүртэлх хүүхэд 8-12 удаа, 1-2 настай хүүхэд 4-8 удаа амьсгалын замын халдварт өвчин тусах нь хэвийн бөгөөд нас ахих тусам дархлаа сайжирснаар цөөрдөг байгаа.
Зуслан, хөдөө газарт хүүхдийг хөл нүцгэн явуулах нь маш сайн. Учир нь хүний уланд маш их биологийн цэгүүд байдаг тул тэрийг байгалийн аргаар сэдрээж өгч байна гэсэн үг
-Шар сүү, айраг, саамаар хүүхдээ арчихдаа хэдээс хэдийн цагийн хооронд хийвэл зүгээр вэ?
-Дээр дурдсан шиг хүүхдийг нараар эмчлэхдээ 09:00-11:00 цагийн хооронд шар сүү, саам, айргийг түрхэн гадаа чийрэгжүүлэх байгаа. Ой хүртэлх хүүхдийг эхний ээлжид таван минутаас эхлэн бага багаар минутыг нэмэгдүүлэн 15-20 минутаас хэтрүүлэх хэрэггүй. Хоёроос дээш настай хүүхдийг шууд 15 минутын турш наранд эмчилгээ хийж болно. Харин 11:00-16:00 цагаас хойш нар хортой байдаг. Энэ хугацаанд гэртээ байлгана гэсэн үг биш. Сүүдэрт, малгай өмсүүлэн 10-20 минут гадаа гаргаж болно. Энэ хугацаанд маш сайн шингэн зүйлс уулгах ёстой. Оройны 17:00 цагаас хойш аль болох хүүхдээ гадаа тоглуулаарай.
-Сүүлийн үед иргэдийн дунд шар тосыг хэрэглэх болсон. Шар тос хэрэглэх нь ямар ач тустай вэ?
-Шар тос нь бүлээн шимтэй, тослог чанартай тосны зүйлийн идээ гэж явдаг. Тос болохоор хийг дардаг. Хаврын улиралд шар тосыг түлхүү хэрэглэх нь маш тохиромжтой. Өвлийн улиралд мах, хаврын цагт тос, зун цагт цагаан идээг түлхүү хэрэглэнэ гэсэн үг. Зуны цагт шар тосыг огт хэрэглэхгүй бай гэсэн үг биш тодорхой хэмжээнд хэрэглэж болно.
Өглөө өлөн элгэн дээрээ шар тос уух нь маш сайн. Яагаад гэвэл тосны зүйл цөсийг хөөлгөн эмчлэх боломжтой.
Уламжлалт анагаах ухаанаар хүний биед хуримтлагдсан хийг дарж өгнө гэсэн үг. Хаврын улиралд хий мах бодь хөдөлж байдаг. Иймд шар тос хийг маш сайн дарж өгдөг.
-Шар тосыг хүүхдэд уулгаж болох уу. Том хүн ямар хэмжээгээр хэрэглэвэл зүгээр вэ?
-Хүүхдэд уулгаад хэрэггүй. Үүний оронд хүүхдийн гар, хөлийн эрээн булчин цээж, нуруу зэргийг шар тос, сүүлний тосоор ээлжлэн тосолж байх хэрэгтэй. Ялангуяа унтахад нь түрхвэл хүүхдийн хийг даран тайвшруулан амраадаг. Том хүн цайны болон том хоолны халбагаас ихгүй хэрэглэх нь тохиромжтой. Дээр дурдсан шиг хаврын улиралд тохируулан хэрэглэх нь эрүүл мэндэд тустай. Ханиадны үед шар тосыг түлхүү хэрэглэвэл тохиромжтой. Хийг дарж байгаа учраас хий ханиалга дарах нөлөөтэй. Намрын улиралд шар хөөрч байдаг учраас шар тосыг хэрэглээд хэрэггүй гэдгийг зөвлөж хэлмээр байна.
Ялангуяа үйлдвэрийн тараг маш их сахартай байдаг. Сүү нь үнээний гаралтай ч орцыг уншихад хамгийн багадаа 100 грамм тарагт 8 грамм сахар гэдэг нь хоёр ширхэг ёотонтой тэнцэнэ
-Уншигчдад маань өөр зөвлөж хэлэх зүйл байна уу?
-Сүүлийн үед сахарын өвчин, илүүдэл жингээсээ хэрхэн салах, яаж урьдчилан сэргийлэх хэрэгтэй талаар асуух болсон. Хамгийн түрүүнд нүүрс устай түргэн шимэгддэг цагаан өнгөтэй гурил, гурилан бүтээгдэхүүн, цагаан будаа зэргийг аль ч улиралд хэрэглэхээ багасгах хэрэгтэй. Дээрх цагаан гурилан бүтээгдэхүүн нь хүнд энерги болж шимэгддэг хэрнээ биед хуримтлагдахдаа өөх болж хуримтлагддаг. Тараг, ундаа зэрэгт түргэн шимэгдэх нүүр ус их байдаг. Ялангуяа үйлдвэрийн тараг маш их сахартай байдаг. Сүү нь үнээний гаралтай ч орцыг уншихад хамгийн багадаа 100 грамм тарагт 8 грамм сахар гэдэг нь хоёр ширхэг ёотонтой тэнцэнэ. Тэгэхээр бүрсэн тараг хэрэглэх нь илүү сайн.