НҮБ-ын цагаачлалын агентлагаас тооллого хийсэн 70 жилийн хугацаанд хамгийн их хүн орон гэрээ орхин дүрвэсэн жил тохиож буйг албан ёсоор мэдэгджээ. Энэ онд 70,8 сая иргэн дайн тулаан, хавчлага дарамт, хямралаас зугтаж орон гэрээсээ дүрвэн амьдарч байна гэжээ.
Globel Trends-ийн мэдээгээр энэ тоо баримт нь өнгөрөгч 2018 оноос 2,3 саяар илүү, 20 жилийн өмнөхөөс хоёр дахин нэмэгдсэн байна. Хоногт дунджаар 37,000 иргэн дүрвэж байгаа гэсэн үг юм.
НҮБ-ын дүрвэгсдийн асуудал хариуцсан дээд комиссар Филиппо Грандийн хэлснээр жил ирэх бүр дүрвэгчдийн тоо нэмэгдсээр байгаа нь тэдэнд аюулгүй, дайн тулаангүй, хавчлага дарамтгүй орчин хэрэгтэй байгааг батлан харуулж байна гэжээ.
Түүнчлэн дэлхийн хүн амын дунд эзлэх дүрвэгсдийн тоо уг өсөлтийг дагаад нэмэгджээ. НҮБ-ын мэдээлснээр 1951-1992 оны хооронд дэлхийн хүн амын 1,000 хүн тутмын 3,7 хувийг дүрвэгсэд эзэлдэг байсан бол 2018 онд 9,3 хувь болж бараг гурав дахин нэмэгдсэн байна.
Венесуэл улсад эдийн засаг, улс төрийн хямрал гарснаас тус улсаас дөрвөн сая иргэн дүрвэн гарсан гэдгийг тус улсын дүрвэгчдийг хүлээж авсан улс орнуудаас мэдээлжээ. Венесуэлийн хямрал дэлхийн дүрвэгчдийн тоог нэмэгдүүлэх гол хүчин зүйлсийн нэг гэдгийг онцолсон байна. Орон гэрээ орхин явсан олон сая иргэнийг гурван бүлэгт хуваажээ.
1. Улс орондоо үүссэн хямрал, дайн тулаанаас болж өөр орон руу зугтсан дүрвэгсдийн бүлэг /25,9 сая/
2. Олон улсын хамгаалалтад төрсөн буюу эх оронгүй, цагаачлах зөвшөөрөлгүй орогнол хүсэгчид /3,5 сая/
3. Дотооддоо дүрвэж, бууриа сэлгэсэн иргэд /41,3 сая/
Өөр нэг сонирхолтой баримт гэвэл нийт дүрвэгчдийн 2/3 нь Сири, Афганистан, Өмнөд Судан, Мьянмар, Сомали улсуудын иргэд байгаа юм. Нэн ялангуяа Сирийн дүрвэгчид хамгийн их хувийг эзэлдэг буюу 6,7 сая хүн байна.
Гэвч эдгээрийн ердөө долоо хүрэхгүй хувь ба 92,400 нь шилжин суурьших газраа олжээ.
Эх сурвалж: www.bbc.com