СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эрүүл мэнд | 2019-06-19

Зүрхний гажигтай төрсөн ч төгс эмчилгээ, төгс засал хийлгэчихсэн бол тухайн хүүхэд цоо эрүүл болдог

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
4 жилийн өмнө

П.Батзаяа

Шастины нэрэмжит улсын гуравдугаар төв эмнэлгийн Зүрх судасны мэс заслын эмч А.Алтанзултай хүүхдийн зүрхний гажгийн талаар ярилцсанаа хүргэе.

-Сүүлийн жилүүдэд зүрхний төрөлхийн гажигтай хүүхдүүдийн тоо өссөн. Үүний учир шалтгааныг та юу гэж харж байна?

-Зүрхний гажигтай төрөх хүүхдүүдийн тоо буурахгүй байгаа нь манай улсын хөгжилтэй шууд холбоотой асуудал. Өндөр хөгжилтэй улс оронд энэ тоо буурсан. Учир нь ураг хэвлийд байх үед нь ямар нэгэн гажиг зүрхэнд нь байгаа эсэхийг эрт илрүүлж байгаатай холбоотой. Манай улсад сүүлийн үед ургийн гажиг тодорхойлох үзлэг оношилгоо хөгжиж байна. Жилд 70-80 мянган эх төрдөг гэсэн статистик дүн бий. Нийт амьд төрөлтийн дотор зүрхний гажигтай төрөх хүүхдийн тоо өндөр байна. Тэгэхээр юуны өмнө зүрх гэдэг эрхтнийхээ талаар ярья л даа. Зүрх нь атгасан гарын дайтай жижигхэн булчин ч гэлээ нэгэн төрлийн ядрахыг үл мэдэн ажилладаг хүчтэй шахуурга, насос юм. Зүрх нь; дөрвөн хөндийтэйгээс дээд хоёрыг нь тосгуур, доод хоёрыг нь ховдол гэж нэрлэдэг. Цус нь ээлж дараалан тосгууруудаас ховдол руу урсч тэндээсээ зүрхний дөрвөн хавхлага буюу клапаны тусламжтайгаар том артериуд руу ордог.

Клапан нь цусыг зөвхөн нэг чиглэлд нэвтрүүлэхээр нээгдэж, хаагдаж байдаг. Улмаар зүрхний гажиг нь зүрхэн доторх, эсвэл их болон бага эргэлтийн дагуух цусны хэвийн эргэлтийг алдагдахад хүргэдэг клапан, таславч, хана, гарах судаснуудын төрөлхийн, эсвэл олдмол эмгэгүүд юм.


Харамсалтай нь зүрх судасны системийн дийлэнх төрөлхийн гажгийн шалтгааныг нь одоо хүртэл тодруулж чадаагүй байгаа. Гэсэн хэдий ч жирэмсний үед, эсвэл төрсний дараа үүссэн зүрхний эмгэгүүдийг төрөлхийн гэж нэрлэдэг ч эдгээр нь заавал удамшлын гаралтай байх албагүй. Зүрхний төрөлхийн гажиг нь 1000 нярайн таваас наймд нь тохиолддог бөгөөд жирэмсний хоёроос наймдугаар долоо хоногийн үед үүсдэг байна. Мөн жирэмсний үед цацраг туяаны нөлөөлөлд өртөх, зарим төрлийн эм уух, хөхөөр хооллох үедээ хар тамхи, архи хэрэглэх, жирэмсний эхний гурван сард томуу, TORCH гепатит зэрэг халдварт өвчнөөр өвдөх нь хүүхдэд зүрхний гажиг үүсэхэд нөлөөлдөг. Мөн илүүдэл жинтэй, эмэгтэйчүүдээс төрсөн хүүхдүүдийн зүрхний гажгаар өвдөх эрсдэл хэвийн жинтэй эмэгтэйчүүдээс төрсөн хүүхдээс 36 хувиар илүү байдгийг сүүлийн үеийн судалгаагаар тогтоосон. Харин зүрхний олдмол гажгийн тархсан шалтгаан нь ревматизм буюу хэрх өвчин, цусны халдвар, судасны хатуурал, гэмтэл, тэмбүү зэрэг өвчлөлүүд байна .

-Зарим эцэг, эхчүүд хэлэхдээ “Манай хүүхэд хэвийн байснаа гэнэт л зүрхний гажигтай гэсэн оноштой болчихлоо гэдэг.” Төрөхдөө хэвийн байснаа дараа нь зүрхний гажигтай болох тохиолдол бий юү?

-Зүрхний төрөлхийн гажигтай хүүхдэд гурван ой хүртэл нь өвчний ямар нэг шинж тэмдэг илрэхгүй явах нь бий. Гэвч үүнээс хожуу үедээ биеийн хөгжил доройтох, биеийн хүчний ачаалал авах үед амьсгаа давчдах, арьс зэвсхий цайрч, эсвэл бүр хөхрөх зэрэг шинж тэмдэг илэрдэг.
Хөхрөлийн гажиг гэж нэрлэгдсэн шинж тэмдгүүд нь гэнэт илэрдэг бөгөөд эдгээрт хүүхэд тайван биш болох, хэт хөөрөлд автах, амьсгаа нь давчдаж, арьс нь хөхрөх, ухаан алдах зэрэг шинж тэмдэг илэрдэг. Ийм шинж тэмдэг нь хоёр ой хүртэлх насны хүүхдүүдэд илрэхээс гадна явган сууж амрах гэсэн нийтлэг шинж тэмдэгтэй. Гүйцэд илэрдэггүй гэгдсэн зүрхний гажгуудын шинж тэмдэг нь биеийн бүсэлхийнээс дооших хэсгийн хөгжил дорой байх, 8-12 насанд толгой өвдөх, амьсгаадах, толгой эргэх, зүрх болон гэдэс, хөлөөр өвдөх зэргээр илэрдэг.

-Эхийн хожуу үеийн төрөлт зүрхний гажиг үүсэхэд нөлөөлдөг гэж сонссон. Энэ талаар илүү тодорхой мэдээлэл өгөөч?

-Шинжлэх ухааны үүднээс 35 наснаас дээш насны эмэгтэй хүүхэд төрүүлэх нь хромосомны гажиг үүсгэдэг гэдэг учраас эрсдэлтэй гэж үздэг. Сүүлийн жилүүдэд дауны синдромтой хүүхдүүд их төрж байгаа. Эдгээр хүүхдүүдийн 60-80 орчим хувь нь төрөлхийн зүрхний гажигтай байдаг. Бид зүрхний ховдол тосгуурын цоорхойг, артерийн битүүрээгүй цорго гэх мэт зүрхний гажгийн эмчилгээг бүрэн шийдчихээд байна.

-Дээр дурдсан зүрхний гажгуудыг эх орондоо хагалгаа хийж шийдэж байгаа гэсэн үг үү. Хагалгаанд ороход хүүхдийн нас заадаг уу?

-0-6 сартай буюу нярай хүүхдүүдэд одоогоор эх орондоо энэ төрлийн хагалгааг хараахан бие даан хийж эхлээгүй байна. Зөвхөн гадаадын багтай хамтарч гүйцэтгэх тохиолдол бий. Дээр дурдсан наснаас бусад насныханд хагалгааг эх орондоо хийж байна. Бид өөрсдөдөө байгаа нөөц бололцоогоо ашиглаад энэ төрлийн хагалгааг эх орондоо хийж чадаж байгаа нь том ололт. Зүрхний мэс засал хийх зардлын 75 хувийг төрөөс даадаг болсон нь иргэдийн нуруун дээрх ачаанаас их хөнгөлж байгаа. Өмнө нь санхүүгийн асуудлаас болоод хүүхдээ хагалгаанд оруулж чаддаггүй хүмүүсийн тоо олон байсан. Одоо иргэний халааснаас ойролцоогоор 1-1.5 сая төгрөг гарч байгаа. Энэ төрлийн хагалгааг гадаадын улс оронд маш өндөр өртгөөр хийдэг. Бид олон улсын жишигт хүрсэн олон төрлийн хагалгааг эх орондоо хийх нөөц бололцоо их байна. Гагцхүү төрөөс эдийн засгийн хөшүүрэг, дэмжлэг үзүүлэх хэрэгтэй байна.

-Тэгэхээр зүрхний ямар нэгэн гажигтай хагалгаанд орох хэрэгцээ байсан ч санхүүгийн боломжгүй хүмүүс олон байгаа гэж ойлголоо. Зүрхний гажгаа эмчлэхгүйгээр хугацаа алдах нь эрсдэл дагуулна биз?

-Ерөөсөө л гажиг байгаа л бол засах хэрэгтэй. Таны хэлж байгаачлан шууд л хэдэн арван сая төгрөг гаргаад хүүхдээ хагалгаанд оруулчих эцэг эхчүүдийн тоо хэд байгаа билээ. Ихэнх нь амьдралын боломж, бололцоо тааруухан хүмүүс байгаа. Тийм ч учраас Засгийн газраас энэ төрлийн хагалгааны өртгийн 75 хувийг хариуцдаг болсноос хойш хагалгаанд орох хүүхдийн тоо нэмэгдсэн. Мөн олон улсын байгууллагуудын дэмжлэгтэйгээр улсдаа хийх боломжгүй заавал гадагшаа явах шаардлага тулгараад байгаа хүүхдүүдээс олон хүүхэд гадаад руу явж хагалгаа хийлгэж байгаа. Тухайлбал, БНХАУ-ын эмч эмнэлгийн багийнхан 100 гаруй хүүхдийг авч явж, хагалгаанд оруулсан. Одоо дахин 100 хүүхдийг авч явна. Энэ ажил ирэх долоо хоногоос ажил хэрэг болно. Эх орондоо хагалгаанд орох боломжгүй хүүхдүүдийн тоо маш олон бий. Тэгэхээр 100 зүрх эрүүл болсон ч дахиад цаана нь эрүүл болж чадаагүй үлдэж байгаа зүрхнүүдэд анхаарах хэрэгтэй. Зүрхний гажигтай төрсөн хэдий ч төгс эмчилгээ, төгс засал хийлгэчихсэн бол тухайн хүүхэд цоо эрүүл боллоо л гэсэн үг. Тиймээс дахин хэлье. Зүрхний гажиг байгаа л бол засах хэрэгтэй.

-Ер нь өвдөхөөсөө өмнө эрүүл мэнддээ анхаардаг, эрүүл амьдралын хэв маягт суралцах талаар иргэдийн ухамсар хэр байна гэж бодож байна?

-Энэ тал дээр иргэд маш хойрго хандаж байна. Энэ нь нэг талаас нийгэм, улс төрийн шалтгаантай байх. Магадгүй иргэдийг өөрийнхөө эрүүл мэндэд арчаагүй хандаж, эрүүл мэндээ бусдын гарт даатгаад орхидог энэ байдал нь хэн нэгэнд ашигтай ч байж болох. Зарим хүмүүс хүний өмнөөс өвдчихсөн юм шиг аашилдаг. Энэ зүрх өөрийнх нь л юм бол өөрийнхөө юманд өөриймсөг хандах ёстой. Гэтэл насаараа архи, тамхи хэрэглэж, хооллолтын буруу хэв маягтай, насаараа буйдан дээрээ чипс идэж хэвтчихээд орж ирээд эмч нараа загнаад байдаг хүн ч бий. Улс орны нийгэм эдийн засаг хэдий сайн хөгжинө тэр хэрээрээр эрүүл мэнддээ анхаардаг болдог. Үүний тулд хэн нэгэн урагш алхаад нэмэргүй. Харин түүний оронд бөөнөөрөө том алхам хийх ёстой. Нэг үеэ бодвол иргэдийн эрүүл мэнддээ хандах хандлага, мэдлэг мэдээлэл сайжирч байгаа боловч одоо болтол эрүүл мэндээ эрүүл мэндийн даатгалд биш, ямар нэгэн сүм, хийд, бурхан шүтээндээ даатгаад орхичихдог хүмүүс ч бас байгаа нь харамсалтай.

-Шинжлэх ухааны үндэслэлтэй, түүнд суурилсан баталгаа нотолгоотой мэдээ мэдээлэл гэдэг өнөө цагт хамгийн чухал санагддаг. Гэтэл манайхан чинь “Жор мэддэггүй эмчээс зовлон үзсэн чавганц дээр” гээд зарим тохиолдолд итгэмээргүй үйлдлүүд их хийх юм. Эрсдэлтэй алхам биз?

-Шинжлэх ухааны нотолгоонд суурилсан заавар зөвлөгөөг авна гэдэг хамгийн чухал. Гэтэл өнөөдөр цахим хэрэглээ их болсонтой холбоотойгоор хэнээс ч хамаагүй зөвлөгөө авч, түүнийг хэрэгжүүлж байгаа нь эсрэгээрээ өөрийнхөө болон хайртай хүмүүсийнхээ эрүүл мэндийг эрсдэлд оруулж байгаа хэрэг юм. Тухайлбал, “Нүд улайчихлаа яах вэ” гэсэн постын дор “Муурны шээс сайн”, “Чих өвдөөд байна” гэтэл “аавынх нь шээс сайн. Аавынх нь шээснээс чих рүү нь дусаачих” гэх мэт зөвлөгөө өгсөн байдаг. Хамгийн харамсалтай нь энэ зөвлөгөөнд нь итгэж, зөвлөсний дагуу хийж байгаа гэдэгт итгэлтэй байна. Мэс засалд орохын өмнө хойлог шувууны мах идэх нь сайн гэсэн мэдээлэл хаанаас ч юм сонсоод түүнийг хэрэг болгон хайсаар байгаад олж идчихээд ирдэг. Гэтэл хойлогны мах цус алдах эрсдэлийг өндөр болгодог гэдэг нь шинжлэх ухааны үндэслэлтэйгээр тогтоогдчихоод байгаа. Энэ мэтчилэн шинжлэх ухааны ямар ч үндэслэлгүй мэдээлэлд итгэж байгаа нь нийгмийн хөгжлөөс асар хол зайд хаягдаж, хоцорсны илрэл.

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.