Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Ганбатыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр өнөөдөр томилов.
Б.Ганбат нь хуульч мэргэжилтэй. ОХУ-ын Дотоод явдлын яамны академи, Лондоны их сургуулийн хуулийн коллеж төгссөн.
1990-1995 онд Дорноговь аймаг, Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст төлөөлөгч, мөрдөн байцаагч, 1995-2013 онд Сангийн яамны хуулийн хэлтэст мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, хэлтсийн дарга, орлогч дарга, газрын дарга, 2013-2014 онд Дэлхийн банкны төсөлд шинжээч, 2014-2016 онд өмгөөлөгч, 2016 онд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Хяналт, шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга, мөн оны наймдугаар сараас Монголбанкны Хууль, эрх зүйн газрын дарга, 2018 оны 12 дугаар сараас Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын даргаар ажилласан.
Б.Ганбат нь төрийн албанд 23 жил, үүнээс эрхэлсэн түшмэлийн албан тушаалд 13 жил ажилласан бөгөөд өнгөрсөн онд Төрийн захиргааны албаны тэргүүн түшмэл болжээ.