Б.Наранчимэг
“Хуульчдын форум-2019” үеэр шүүгчийн томилгооны асуудлаар “Оюуны- Инновац” ТББ-ын гүйцэтгэх захирал П.Баттулгатай ярилцлаа.
-Шүүгчийн томилгоо гэхээр эхлээд ШЕЗ-ийн гишүүдийн хараат бус байдлын асуудал хөндөгдөх болоод байна л даа?
-ШЕЗ шүүгчийн хараат бус, бие даасан байдлыг хангаж ажиллана гэдэг боловч энэ байгууллага хэдэн хүний бүрэлдэхүүнтэй байх, хэн хаанаас томилох тухай тодорхой заалт байдаггүй. 1993 онд батлагдсан Шүүхийн тухай хуульд ШЕЗ-ийг 12 гишүүнтэй, даргаар нь Хуульзүйн сайд ажилладаг байдлаар анх баталж байсан. Дараа нь даргаар нь Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийг томилж, гишүүдийн тоог 14 болгосон. Хамгийн сүүлд 2013 онд Шүүхийн тухай багц хууль шинэчлэлийн хүрээнд гишүүдийн тоог тав болгож, даргыг нь тэдний дундаас томилдог болгосон.
Тэгэхээр ШЕЗ гэдэг байгууллагын талаар Үндсэн хуулиар заасан тодорхой зохицуулалт байхгүй учраас ингэж гишүүдийн тоог нь ихэсгэж багасгаад, ердийн хуулиар өөрчлөөд явсан байгаа юм. Үүнээс болоод улс төрчдөөс хараат бусаар томилогдож чадахгүй байна гэдэг асуудал яригддаг.
-Асуудлыг нэг тийш болгох ямар гарц, шийдлийг та бүхэн харж байна вэ?
-Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөлд гурван шатны шүүхээс тав, УИХ-аас таван хүний бүрэлдэхүүнтэй таван шүүгч, таван хуульзүйн өндөр мэргэжилтэй хүнийг ШЕЗ-ийн гишүүдээр томилох санал оруулсан байгаа. Эдгээр хүмүүсийг УИХ-ын чуулганаар гишүүдийн гуравны хоёр нь дэмжсэн тохиолдолд томилно гэсэн. Энэ хууль батлагдвал ШЕЗ-ийн хараат бус байдал хангагдах гол нөхцөл бүрдэнэ гэж харж байгаа.
-Шүүгчийн сонгон шалгаруулалт, томилгоон дээр ойлгомжгүй, тодорхойгүй зүйл олон байна гэдэг. Тухайлбал ямар асуудал байдаг вэ?
-Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр шүүгчийн томилгоонд оролцдог гол байгууллага болох ШЕЗ-ийн бүрэлдэхүүнийг тодорхой заах, ямар журмаар томилох вэ, тэнд оролцох хуульч, шүүгчийг тэнцвэртэй байдлаар бүрэлдүүлэх гэх мэтийг төсөлд тусгаад явж байгаа. Мөн үүнээс гадна ШЕЗ-өөс санал болгосон шүүгчийг Ерөнхийлөгч батламжлахаас татгалздаг эсвэл батламжлахгүй, гацаадаг, удаадаг асуудал нэлээд гардаг. Үүнийг шийдвэрлэх зорилгоор “ШЕЗ-өөс санал болгосон шүүгчийг Ерөнхийлөгч 21 хоногийн дотор батламжлахгүй бол үндэслэлээ олон нийтэд нээлттэй мэдээлнэ” гэсэн өөрчлөлт оруулж байгаа.
-Ерөнхийлөгч шүүгчийг томилохоос татгалзаж байгаа нь ашиг сонирхлын зөрчилтэй байна гэж харагдуулдаг. Ийм тохиолдол манай улсад хэчнээн удаа гарч байсан бэ?
-ШЕЗ-өөс санал болгосон шүүгчийг Ерөнхийлөгч гацаахгүй, татгалзахгүйгээр томилох ёстой гэсэн үндсэн хуулийн санаа бий. Гэтэл манай Ерөнхийлөгч нар томилно гэж байгаа болохоор татгалзах ч эрх бий гэж үзээд байдаг. Хуулийн нэмэлт өөрчлөлтөөр үүнийг болиулах гэж дээрх өөрчлөлтийг оруулсан. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгч татгалзах үндэслэлээ хэлэхгүй бол үндсэн хуулийн зөрчил гэж үзээд Ерөнхийлөгчид хариуцлага хүлээлгэдэг нөхцөл байдал руу оруулах юм. Манай байгууллагаас 2015 онд хийсэн судалгаагаар Ерөнхийлөгч шүүгчийг томилохоос татгалзсан 20 гаруй тохиолдол бий. П.Очирбат Ерөнхийлөгчийн үед ийм тохиолдол гарч байгаагүй. Н.Багабанди Ерөнхийлөгчийн үеэс ийм тохиолдол гарч эхэлсэн байдаг.
-Одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга шүүгчийг томилохоос татгалзсан уу?
-Хоёр, гурван шүүгчийг томилохоос татгалзсан юм билээ.
-Шүүгчийг хараат бусаар байлгахын тулд цалинг нь нэмсэн шүү дээ. Энэ нь хараат бус байдлын баталгаа болж чадаж байна уу?
-Шүүгчид хараат бусаар ажиллахад олон зүйл нөлөөлж байна. Томилогдсоныхоо дараа хууль бусаар чөлөөлөгддөггүй байх, бүрэн эрх нь баталгаатай байх гэх мэт. Өөр шүүх рүү томилогдох үндэслэл нь тодорхой байх ёстой. Цалин хөлсний асуудал ч бий. Одоогийн тулгамдаж байгаа асуудал бол гадны улстөрчдийн асуудал, цахим орчинд явж байгаа олон нийтийн нөлөөллийн асуудал яригдаж байна. Олны анхааралд орсон ямар нэг хэргийг тухайн шүүгч хэрхэн яаж шийдэхийг нь харъя гэдэг байдал ч нөлөөлдөг.
-Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс гаргасан шийдвэрийн дагуу шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх шийдвэр гараад байгаа. Энэ талаар та бүхэн ямар байр суурьтай байна вэ?
-Энэ бол шүүгчийг эрсдэлд оруулж буй алхам. Шүүгчийн бүрэн эрх нь баталгаатай, хууль тогтоомжоор хангагдсан ч хэрэгжилтийг нь эрсдэлд оруулж байгаа явдал юм.
-Ерөнхийлөгч шүүгчийг томилох нь зүйд нийцэх үү?
-Гадны улс орнуудад мөн ийм жишиг бий. Энэ бол шүүхийн хараат бус, бие даасан байдлыг батлах, хүлээн зөвшөөрөгдөх чанарыг нь хангаж байгаа явдал.