Хууль бус аргаар үйлдвэрлэсэн согтууруулах ундаанд хордож 40 гаруй хүн амиа алдаж, 16 хүн хараагүй болж, 170 хүн хор тайлах эмчилгээнд орсон гэж Ираны Засгийн газрын төлөөлөгч мэдэгджээ. Өнгөрсөн гурван долоо хоногийн хугацаанд 5 мужид 460 хүн согтууруулах ундаанд хордож эмнэлэгт хэвтсэний хамгийн залуу нь 19 настай эмэгтэй байна.
Иран улсад согтууруулах ундаа хэрэглэхийг хуулиар хорьдог учраас үйлдвэрийн бус аргаар хольж найруулан нууцаар худалдаалах нь элбэг байдаг. Ийм аргаар нэрсэн архинд этилийн спиртийг метилийн спиртээр орлуулснаар хүний биед хор болдог аж.
Бандар Аббас хотод амьдардаг гэр бүлийн хүмүүсийг хортой архи үйлдвэрлэсэн хэрэгт буруутгаж баривчилсан байна. Тус улсад согтууруулах ундаанд хордох нь түгээмэл тохиолдол бөгөөд энэ удаад олон мужид олон хүн хордож, амиа алдсан учир анхаарал татжээ.
АНУ Ираны цөмийн хөтөлбөрийн гэрээг үгүйсгэснээр эдийн засаг муудаж, иргэдийн халаас нимгэрч гар аргаар нэрсэн согтууруулах ундаа хэрэглэх нь нэмэгдсэн байж болох. Ам.доллартай харьцах Ираны мөнгөн тэмдэгт риалын ханш унаснаар гадны импортын бараа бүтээгдэхүүний үнэ өсжээ. Хорт бодистой тэмцэх газар жил бүр 730 сая ам.долларын үнэтэй 80 сая литр согтууруулах ундаа Иранд худалдаалдаг гэж мэдэгдсэн байна.
Эх сурвалж: www.bbc.com