Үндсэн хуульд нэмэлт оруулалт оруулах асуудлаар ИЗНН-аас мэдээлэл хийлээ.
ИЗНН-ын дарга Ц.Ганхуяг “УИХ Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг хэлэлцэж байгаа тул бид Монгол хүн баялагтаа эзэн байх тухай шаардлагыг Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын даргад хүргүүлж байна.
Үндсэн хуулийг өөрчлөх асуудлыг ард түмний язгуур эрх ашгийг хамгаалж, үндэсний зөвшилцлөөр хийдэг. Харин энэхүү өөрчлөлт нь ядуу иргэд, баян төртэй байх бодлогыг үргэлжлүүлэхээр хийгдэж байна. Ард иргэдийн баялгийнхаа эзэн байх эрхийг хамгаалсангүй. Харин эрх баригчдын эрх ашгийг хамгаалж, иргэдийнхээ эрхийг хойш тавьжээ. Эдийн засгийн алуурчдын хүсэл шуналын бааз суурь болсон өөрчлөлт хийлгэхийг бид зөвшөөрөхгүй. Ард түмэн баялгаа мэддэг, баялгийн асуудлаар шийдвэр гаргахдаа эздээс нь асуудаг болгодог өөрчлөлт хийхийг шаардаж байна. Монгол Улсын баялгийн хэмжээг Эрнест Янг гэдэг эрдэмтэн судлаад 1.3 их наяд ам.доллар гэж тогтоосон. Энэ баялгийг нийт иргэддээ хуваахад нэг хүн 4 сая ам.доллар ногдохоор байгаа. Тиймээс энэ баялгийг жинхэнэ эздэд нь хуваарилах ёстой” гэв.
ИЗНН-ын дэд дарга Б.Батбаатар “Төр гэдэг нэрийн дор ард түмний өмчийг захиран зарцуулдаг, түүнээс хөрөнгөждөг явдлыг таслан зогсоохын тулд байгалийн баялаг төрийн өмч бус ард түмний өмч байна гэдэг заалтыг оруулахыг шаардаж байна. Ингэвэл Эрдэнэт үйлдвэр, Эрдэнэс-Тавантолгой зэрэг компаниуд ард түмний өмч болно. Стратегийн орд газрууд ард түмний өмч болно. Том том уурхайн үйл ажиллагаанд төр хяналтаа тавьж чадахгүй байгаа. Харин ард түмэн бол чадна. Тиймээс ард түмэнд өгөхийг шаардаж байна” гэлээ.