Монголын Зээлдэгчдийн холбооноос Зээлийн хүүг бууруулах тэмцлийг эхлүүлж байгаа талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.
Зээлдэгчдийн холбооны тэргүүн Ц.Солонго:
-Зээлдэгчдийн эрхийг хамгаалсан ямар нэгэн байгууллага байгаагүй учраас зээлэнд дарлуулж ядарч зүдэрч байгаа иргэдийнхээ эрхийг хамгаалах зорилгоор энэ холбоог байгуулсан. Монгол төр сүүлийн 30 жилийн хугацаанд зээлтэй иргэдийнхээ эрхийг хамгаалж чадаагүй учраас бид өөрсдийнхөө төлөө тэмцэх цаг болсон. Арилжааны банк гэдэг хувийн компанийн дарлал мөлжлөгийг Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо нь бууруулж чадсангүй. Монгол Улс дэлхийн хамгийн өндөр хүүтэй зээлтэй 10 улсын нэг болсон.
Арилжааны банк 25 хувь, ББСБ нь 38.4 хувь, ломбард 42 хувийн хүүтэй зээл олгож байна. Өдрийн зээл олгодог иргэд өдрийн 10 хувийн хүүтэй зээл олгож хязгааргүй шулан мөлжлөг хийж байна. Зээлийн хүүнд дарлуулсан иргэдийн эрхийг хамгаалах чиглэлээр хэн ч юу ч хийхгүй байна.
Зээл авч байгаа иргэн, аж ахуйн нэгж дангаараа зээлдүүлэгчтэй тэмцэх боломжгүй. Харин олуулаа нэгдвэл тэмцэж чадна. Зээлтэй иргэд та бүхэн 8545 8615 дугаар руу ярьж нэгдээрэй. Дэлхийд байхгүй өндөр хүүнээс гадна, элдэв хураамж, шимтгэлээр иргэдээ хувалз мэт шулан мөлжигчдийн эсрэг хамтдаа тэмцэж байж үр дүнд хүрнэ.
Ийм өндөр хүүтэй зээлтэй байхад яаж хүн амьдарч, аж ахуйн нэгж нь хөгжих юм. Үүний гол буруутан нь арилжааны банк болон ББСБ-ууд гэдгийг шууд хэлье. Монголын эдийн засаг цөөхөн хэдэн хувийн банкны халаасанд байна.
Сүүлийн хэдэн сарын хугацаанд арилжааны банкнууд хадгаламжийн хүүгээ бууруулсан атлаа зээлийн хүүгээ бууруулсангүй. Зээлийн хүү сарын 3, жилийн 30-40 хувьтай хэвээр байна. Банкууд зээл олгохдоо 1 хувийн шимтгэл авна. Мөн зээлээ хугацаанаасаа өмнө төлөхөд 1 хувийн шимтгэлийг нэмж авч байгаа нь шударга ёс биш учраас бид Банк болон ББСБ-уудыг шүүхэд өгнө.
Цагдаа, шүүх, прокурорын байгууллагууд “Валютын зохицуулалтын тухай хууль”-ийг огт харахгүйгээр зөвхөн зээлийг гэрээг үндэслэн шийдвэр гаргаж, иргэдийг хохироож байна. Өөрсдөөс нь үл шалтгаалсан нөхцөлөөс байдлаас хамааран зээлээ төлж чадаагүй, барьцааны хөрөнгөө хураалгасан иргэдийн эрхийг хамгаалж тухайн банкийг шүүхэд өгнө.
Бид банкуудыг цамцандаа багтахгүй болтол баяжуулаад өөрсдөө нуруугаа бөхийтөл хуруугаа моонийтол ажиллалаа. Бидэнд хэн ч туслахгүй, бидний эрхийг хэн ч хамгаалахгүй учраас хамтдаа тэмцэх цаг ирлээ” гэв.