М.Үүрийнтуяа
Томоохон бүтээн байгуулалт хийхэд цөөнгүй жилийн хугацаа шаарддаг. Бүтээн байгуулалтын үр дүнд бий болсон шинэ хэрэглээ иргэдийн ахуй амьдралд хүрч, өдөр тутмын хэрэгцээ болоход их хугацаа орохоос гадна бэрхшээлүүдтэй учирна. Сайжруулсан түлш үйлдвэрлэх бүтээн байгуулалтыг бий болгоход ч бас нийтлэг жишгээр 3-5 жилийн хугацаа ордог гэдгийг “Тавантолгой түлш” ХХК-ийн ахлах зөвлөх, доктор, профессор Г.Бадамхатан хэлж байна. Гэхдээ иргэдийн хэрэглэж заншсан түүхий нүүрсний оронд “сайжруулсан түлш” хэмээх боловсруулсан түлшийг үйлдвэрлэж эхлээд жил гаруйн хугацааг үдээд байгаа юм.
Энэ хугацаанд хийсэн бүтээн байгуулалтын ажил болон шахмал түлшний үйлдвэрийн үйл ажиллагаатай Ерөнхий сайд У.Хүрэлсүх, БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн, нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан, “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг болон албаны хүмүүс өчигдөр танилцлаа.
Нийслэлчүүд жилд 1.2 сая тонн түүхий нүүрсийг хэрэглэдэг. Харин сайжруулсан түлшээр сольсноор иргэдийн хэрэглээ 600 мянган тонн болж буурах юм. Ингэснээр агаарын бохирдол 50 хувиар багасна гэж тооцжээ. Тэгвэл Монгол Улсын нүүрсний стандартыг нэгээс доошгүй байхаар тогтоосон байдаг бол одоогоор сайжруулсан түлшний стандарт 0.8 хувьтай байгаа бөгөөд цаашид 0.5 хувьд хүргэхээр зорьж байгааг Монгол Улсын зөвлөх инженер Ж.Батбилэг онцолж байна. “Тавантолгой түлш” ХХК-ийн шахмал түлш нь түүхий нүүрстэй харьцуулахад илчлэг өндөр, үнс, утаа, тортог бага ялгаруулдаг, хэрэглэхэд хялбар. Үнэ өртгийн хувьд ч нэг тонн шахмал түлшийг 150 мянган төгрөгөөр буюу харьцангуй бага үнээр борлуулж байгаа гэдэг. Харин иргэдийн хувьд шахмал түлшний чанарыг өөр өөрийнхөөрөө үнэлж байгаа. Улмаар иргэдийн өвлийн түлшний хэрэгцээг бүрэн хангаж чадах уу гэдэг асуудал хүлээлт хэвээр байна. Тэгвэл эдгээр ажлууд бодитой хэрэгжиж чадаж байна уу гэдгийг “Тавантолгой түлш” ХХК-ийн шахмал түлшний үйлдвэрээс сурвалжиллаа.
Шахмал түлшийг герман гаралтай солонгос технологиор хатаасан түүхий эдийг шатаах байдлаар боловсруулж үйлвэрлэдэг байна. Эдгээр ажилд Япон, Солонгос, Чех болон манай улсын тэргүүлэх мэргэжилтнүүд оролцсон гэнэ. Тухайлбал, Японы “ЖАЙКА” төслийн мэргэжилтэн Ендо Нажиме шахмал түлшний чанарыг үнэлэхэд туршилтын ажлууд хамгийн чухал болохыг тайлбарлалаа. Иймээс тэрбээр сүүлийн 5-6 жилийн хугацаанд шахмал түлшний шаталтын туршилтыг хийсэн аж. Туршилтын үр дүнд технологи дээр нэмж сайжруулах зүйлүүд гарсан боловч бодит ажил болж хэрэглээнд нэвтрэхэд асуудал гарахгүй гэнэ.
Үргэлжлүүлээд шахмал түлшний чанарын талаар БНСУ-ын мэргэжилтэн Парк Санг Кугийн хэлсэн үгийг онцолъё. Тэрбээр “Дэлхийд Солонгос, Франц Улсын нүүрс боловсруулах технологи хоорондоо өрсөлдөхүйц сайн чанартай байна. Солонгосын хамгийн том гангийн үйлдвэрт энэ шахмал түлшинд ашиглаж байгаа технологийг хэрэглэдэг. Монголын шахмал түлшийг Солонгосын үндэсний лабораторид шинжлүүлэхэд түүхий нүүрснээс 50-60 хувиар сайжруулсан түлш гэсэн хариу гарсан” гэлээ. Одоогийн байдлаар “Тавантолгой түлш” ХХК нь савласан болон задгай хэлбэрээр нийт 100 мянган тонн сайжруулсан шахмал түлш нөөцлөөд байгаа аж. Эхний ээлжид дөрвөн шугамаар 360 орчим ажилчин 24 цагаар тасралтгүй ээлжлэн ажиллаж байгаа гэнэ. Нүүрс үйлдвэрлэж байгаа хүмүүс гэхэд өнгө зүс, цог жавхаа сайтай “Тавантолгой түлш” ХХК-ийн ажилчдын хувьд хийж байгаа ажлаа бүтээн байгуулалт, шинэ ололт, амжилт хэмээн харж урам зоригтой ажилладаг гэдгээ хэлцгээж байсан юм.
Үйлдвэрийн хажууд гэр дотор иргэдийн ашигладаг гурван төрлийн зууханд шахмал түлшийг шатааж үзүүлж байлаа. Яндангаар нь гарч байгаа утаа лав харагдсангүй. Буруу галлагаанаас болж утаа илүү ихээр ялгардаг гэнэ. Иргэдийн түгээмэл хэрэглэж байгаа галлагааны үе шатыг тайлбарлавал эхлээд таван кг нүүрс зуухандаа хийлээ гэхэд нүүрсийг бүрэн цогшиж астал нь удаан байлгадаг учраас утаа нэлээд үүсдэг гэнэ. Тэгээд зуухыг хэт халаахгүйн тулд сойлтуурыг багасгаснаар түлш дутуу шатаж утааны хорт хий үүснэ. Улмаар дахин галлахдаа цог буюу нурман дээр түлшийг хийснээр утаа илүү их гардаг гэнэ. Нэг өрх гэхэд хоногт 4-6 удаа галлагаа хийдэг учраас утааны асуудал ярвигтай болдог гэдгийг тус компанийн ажилчин хэлсэн юм. Тиймээс түлш хэмнэгч гэдэг зуухан дотор байрлуулсан сав шиг зүйлийг хэрэглэвэл утааг бууруулахад илүү дөхөмтэй болох аж. Түлш хэмнэгчийг хэрэглэснээр тав бус нэг кг түлшээр галлаж болох бөгөөд бага зэрэг модны утаа л харагдах гэнэ. Сойлтуураар дулааны илчийг багас гах шаардлагагүй болж илүүдэл дулааныг гаргахгүй, цог нурман дээр дахин гал лагаа хийсэн ч утааны хорт хий бага ялгарах аж.
Тэгэхээр хоногт 2-3 удаа л галлахад даарахгүй байх боломжтой гэнэ. Шахмал түлшний хэрэглээний талаар “Тавантолгой түлш” ХХК-ийн Захиргаа, удирдлагын албаны дарга Р.Гансүхээс тодрууллаа. Тэрбээр “Коксжих нүүрсээр шахмал түлш үйлдвэрлэж байгаа учраас илчлэг өндөр, дулаанаа барих чадвар сайн, чийгшил бага учраас утаа бага ялгарна. Эхний 15-20 минутад бага зэргийн утаа гараад цаашид бүрэн утаагүй болдог. Нийслэлд үндсэн 10 цэгээр борлуулж байгаа. Иргэдийн худалдан авалтаас хамаарч борлуулах цэгүүдийн тоог нэмнэ. Ирэх арваннэгдүгээр сар гэхэд 600 мянган тоннд нэлээд дөхүүлэхийг зорьж байна. Ус чийггүй, хурц наргүй газар шахмал түлшээ иргэд хадгалах хэрэгтэй” гэсэн юм.
Түүнчлэн үйлдвэртэй танилцах явцад нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан “640 түгээлтийн жижиг цэгийг хороо, дүүргүүдэд байгуулна. Ирэх наймаас есдүгээр сард багтаад бүх түгээх цэгийг бэлэн болгоно. Түгээх цэгүүдэд хүргэх тээвэрлэлтийн асуудлыг зохион байгуулах нь чухал байна. Шинээр 107 цэгийг байгуулж, өмнө нь нүүрс борлуулж байсан иргэдийн тусламжтай нийт тээвэрлэлтийн аж лыг шийднэ. Одоогоор 4400 орчим иргэн, нэг хэсэг дээр 3-4 хүн нүүрсний хэрэглээнд хяналт тавин ажиллаж байна. Үнийг түүхийн нүүрснээс харьцангуй хямд буюу нэг тонн нь 150 мянган төгрөгөөр тогтвортой барихыг зорьж байна. Улаанбаатарын эргэн тойронд 14 хяналтын цэг ажиллаж байна” гэдгийг онцолж хэллээ.
ЦАХИМ КАРТ АШИГЛАСНААР ТҮЛШИЙГ НӨӨЦЛӨХ ШААРДЛАГАГҮЙ БОЛНО
“Тавантолгой түлш” ХХК-ийн “сайн” түлшний үйлд вэр ашиглалтад орсноос хойш 50 мянган тонн бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, 260 мянган тонн нүүр сийг Тавантолгойн Ухаа-Худгийн уурхайгаас авчирч нөөцөлжээ. Харин одоо байгаа 100 мянган тонн түлшнээс савласан нөөц 70 мянган тонн, задгай нөөц 30 мянган тонныг эзэлж байна. Шахмал түлшний нөөц болон нийслэлийг бүрэн хангаж чадах эсэх асуудлаар “Таван толгой түлш” ХХКийн гүйцэтгэх захирал М.Ганбаатар “Үйлдвэрийн шугамуудыг өргөтгөснөөр нөөцийг богино хугацаанд бүрдүүлж чадахаар боллоо. Тээвэрлэлтийн асуудлыг шийдсэн учраас түүхий эдийн нөөц бүрдсэн. Иймээс Улаанбаатар хотыг сайжруулсан түлшээр бүрэн хангах боломжтой. Агуулахын хувьд сая орсон борооноор шуудайнд хийгээд хучиж хадгалахад асуудал үүссэнгүй. Мөн агуулах, борлуулалтын цэгүүдээр дамжуулж хадгалж болж байна. Үйлдвэрт одоогоор хоёр мянган тонн шахмал түлшийг өдөрт үйлдвэрлэж байна. Бүх шугам ашиглалтад орсноор таван мянган тонн түлш гарах боломжтой. Өмнө нь иргэд түүхий нүүрсийг хямд үнэтэй байхад нь худалдан авч нөөцөлдөг байсан. Харин өдөр тутамдаа цахим картаа ашигласнаар нөөцлөх шаардлагагүй болно” гэлээ.
Үйлдвэрийн үйл ажиллагаа тай танилцсаны дараа “Сайжруулсан шахмал түлшний чанар, агаарт үзүүлэх үр дүн” зөвлөгөөнийг зохион байгуулсан юм. Энэ үеэр “Тавантолгой түлш” ХХК-ийн “Сайн” шахмал түлшийг төрөл бүрийн орц найрлагатайгаар лабораторийн болон үйлдвэрийн олон удаагийн туршилт судалгааны үр дүнд гар гаж авсныг онцлов. Иймээс шахмал түлшийг Улаанбаатар хотын 220 мянган айл өрх бүрэн ашиглаж чадвал агаарын бохирдлыг 50 хувь бууруулах боломж бүрдэнэ гэдгийг түлш үйлдвэрлэсэн мэргэжилтнүүд танилцуулсан юм. Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Утааны гол шалтгааны нэг нь түүхий нүүрсний хэрэглээ байсан. Тиймээс түүхий нүүрсийг хориглох шийдвэрийн хүрээнд “Сайн” шахмал түлшний үйлдвэрийн зарим шугам ашиглалтад орж байна. Наадмаас өмнө үлдсэн шугамууд ашиглалтад орвол улсын хэмжээнд нийт найман шугам ажиллана. Засгийн газраас түүхий нүүрсийг хориглосон шийдвэрийг гаргаж, үйлдвэр барьж, хөрөнгө санхүү, тээвэр лэлтийн асуудлыг шийдэж өглөө.
Иймээс үлдсэн түгээлтийн ажлыг нийслэлийн Засаг дарга болон дүүрэг, хороодын Засаг дарга нарт үүрэг болгож байна. Шахмал түлшний хэрэглээ 10-20 жилд ч байх учраас чанараа үргэлжлүүлэн сайжруулах хэрэгтэй. Гэхдээ агаарын бохирдлын асуудлыг шийдэхэд хамгийн төгс тохирох арга бол иргэ дийг орон сууцаар хангах ажил юм. Бүрэн орон сууц жуулах хүртэл түүхий нүүрс ний оронд илүү чанар тай сайжруулсан түлшийг ашиглах нь зөв. Одоо иргэдийн ухамсартай оролцоо, төрийн байгууллагуудын сайн зохион байгуулалт чухал байна” хэмээв.