Үндсэн хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг энэ чигээр нь баталбал Засаглалын дараах хямрал үүснэ гэдгийг сэрэмжлүүлж энэхүү нийтлэлийг бичив.
Гишүүд давхар дээлнээсээ салахгүй
Ерөнхий сайд Ж.Наранцацралтын Засгийн газрыг 1999 оны долдугаар сарын 18-ны өдөр унагасны дараа Монголчуудад нэгэн шинэ сорил тулгарав. Тэр нь УИХ-ын гишүүн хүн өөр албан тушаалыг давхар хашиж болохгүй гэх Үндсэн хуулийн заалт байлаа. Гэхдээ Үндсэн хуулийн энэхүү заалт УИХ-ын гишүүдийн дотроос дараагийн Ерөнхий сайдаа заавал томилно гэх хүсэл эрмэлзлэлд садаа болоогүй бөгөөд Р.Амаржаргалыг УИХ-ын гишүүнээс чөлөөлж, Ерөнхий сайдаар томилох тогтоолыг УИХ хамтад нь баталснаар асуудал шийдэгдсэн юм.
Ажил ярихаараа сайд болчихдог, хариуцлага ярихаар УИХ-ын гишүүн болчихдог “Давхар дээл” хэмээх Үндсэн хуулийн гажуудлыг арилгахаар бид сүүлийн 20 жил ярьсан. Гэвч ард иргэдийн 20 жил шүүмжилсэн өөрчлөлт шинэ нэмэлтэд байсангүй.
Авлигач гишүүнтэй хариуцлага тооцох боломжийг ард түмэнд олгосонгүй
2016 онд сонгогдсон УИХ-ын нийт гишүүдийн 50 гаруй нь албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласан гэмт хэрэгт холбогдсон. Итгэж сонгосон элч төлөөлөгчид нь эрүүгийн элементүүд, ичгүүргүй гэмт хэрэгтэн байсныг мэдээд тэднийг нэн даруй, хугацаанаас нь өмнө зайлуулах гэж оролдсон боловч тэр нь хуулиар боломжгүй болохыг ард түмэн ойлгож халаглаж байна.
Тэд Их хуралтайгаа хариуцлага тооцож чаддаг, хяналт тавьж чаддаг Үндсэн хуулийн өөрчлөлтийг хүсч байсан. Гэвч тийм заалт Үндсэн хуулийн шинэ нэмэлтэд орсонгүй. Ядаж сонгож илгээсэн ганц гишүүнтэйгээ хариуцлага ярих эрхийг сонгогчдод нь үлдээсэнгүй.
Тухайлбал, УИХ-ын гишүүн Б.Наранхүү чуулганы нэгдсэн хуралдаанд огт суудаггүй. Хамгийн их ажил тасалсан тоогоороо Монголдоо битгий хэл дэлхийн рекордыг тэрбээр эзэмшдэг байх. Ийм хариуцлагагүй гишүүнийг эгүүлэн татах, хариуцлагажүүлэх заалт зүйл заалтыг Үндсэн хуулийн өөрчлөлтөд огт оруулсангүй.
УИХ-д олуулаа болсны хэрэг гарахгүй
Өмнөх үндсэн хуулиар УИХ-д аль ч нам эвсэл олонх болж чадаагүй тохиолдолд хамгийн олон суудал авсан нам, эвсэл бусад нам эвсэлтэйгээ зөвшилцөн олонхийг бүрдүүлж, Засгийн газраа байгуулдаг байсан. Хамгийн сүүлийн жишээ гэвэл 2012 оны Шинэчлэлийн болон Шийдлийн Засгийн газар. Харин одоо оруулж буй өөрчлөлтөөр олонх байтугай олуулаа ч болж чадаагүй нам эвслүүд үгсэн хуйвалдаж олонхийг бүрдүүлээд Ерөнхий сайдаар томилох хүнээ Ерөнхийлөгчөөр уламжлан дэвшүүлж болдог болно.
Ерөнхийлөгчтэй зөвшилцөхгүй
Ерөнхий сайд Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн, түүнд оруулах өөрчлөлтөө 7 хоногийн дотор Ерөнхийлөгчтэй зөвшилцөн УИХ-д өргөн мэдүүлнэ. Зөвшилцөлд хүрээгүй бол өөрөө өргөн мэдүүлнэ гэдэг гажиг заалт хэвээр үлдэнэ. Нэгэнт л Ерөнхийлөгчийн санал үнэ цэнэгүй юм бол зөвшилцөл нэртэй хоосон улстөржилт огт хэрэггүй билээ.
Ард түмнээс байгалийн баялгийг булаана
1992 оны Үндсэн хуульд Монгол Улсын иргэнд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, баялаг, ой, усны нөөц, ан амьтан нь ард түмний өмч бөгөөд төрийн хамгаалалтад байна гэдэг бахдам заалт байсан. Шинэ нэмэлтээр Ард түмний өмч гэдгийг хасч төрийн өмч болгох гэж байна.
Өөрөөр хэлбэл иргэдийн саналыг хулгайлж, худалдаж, луйвардаж, дээрэмдэж төрийн эрхийг авсан бүлэглэл дээрх бүх баялгийг өмчлөгч болох нь. Бид ийм зүйлийг хүсч байсан юм гэж үү.
УИХ-ын гишүүд сонгуулийн хуулиар тоглодог явдал засрахгүй
Сонгуулийн тогтолцоог Үндсэн хуулиар эцэслэн тогтоож өгсөнгүй. Үгүй ядаж тэдний баталсан сонгуулийн хуульд тэдний засаглаж буй сонгуульд үйлчилж эхлэхгүй гэх хязгаарлалтыг ч тавьсангүй.
Төрийн дээр нам гарна
Улс төрд суудалтай намын бүх санхүүжилтийг улсын төсвөөс гаргаж, нам улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулна хэмээн Үндсэн хуульдаа тунхаглаж байна. Ингэснээр УИХ-д суудал авсан бүх намын Монгол Улсын 21 аймаг, 9 дүүрэг, 330 сум суурин, 1500 гаруй баг хороодод байгаа намын үүрийн байрны цахилгаан, дулаан, түрээс, тэнд ажилладаг хүмүүсийн цалинг ард түмний татвараас санхүүжүүлдэг болно. Ингэснээр намын үйл ажиллагаа төрийн албанаас эрчтэй болон өрнөж, хагалан бутаргах, нураан сөнөөх жигшүүртэй үйл ажиллагаа нь булан тохой, жалга дов бүхэнд үргэлжийн мөнхөд тасралтгүй өрнөдөг болно. Энэ бол Монгол Улсыг сүйрүүлэх, иргэний дайнд мөргөлдөөнд живүүлэх хорлонтой ажиллагаа мөн.
Ерөнхий сайдад итгэл үзүүлэх асуудлыг хэрэгжих боломжгүй байдлаар оруулав
Япон Улсын Ерөнхий сайд парламентдаа итгэл үзүүлэх асуудлыг орууллаа гэж бодъё. Хэрвээ тус асуудлыг парламент нь хэлэлцээд итгэл үзүүлэхгүй гэдэг шийдвэрийг гаргасан тохиолдолд Засгийн газар нь огцорч парламент нь тардаг. Энэ бол парламент гэдэг бүлэг хархыг хариуцлагажуулсан хамгийн сонгодог жишээ. Гэтэл Үндсэн хуулийн шинэ нэмэлтэд итгэл үзүүлэх асуудлыг үүний яг эсрэг байдлаар оруулж ирсэн учраас энэ заалт нь хэзээ хэрэгжихгүй билээ.
УДШ-ийн шүүгч, Цэцийн гишүүнээр томилогдох насны дээд хязгаарыг тогтоож өгсөнгүй
Улсын Дээд шүүхийн шүүгчийн 12 жилийн хугацаатай нэг удаа, ҮХЦ-ийн гишүүнийг 9 жилийн хугацаатай томилдог болгох нь. Ингэхдээ томилогдох насны доод хязгаарыг 40 хэмээн заасан атлаа дээд хязгаарыг тогтоож өгсөнгүй. Ингэснээр Улсын дээд шүүх, Цэц нь тэтгэртээ гарах дургүй зөнөг өвгөчүүлийн хоргодох газар болно. Насаараа УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд, дарга хийсэн нэг улс төрч хөгшин 64 насандаа УДШ-ийн шүүгч юм уу Цэцийн гишүүнээр томилогдчихлоо гэж бодъё. Тэр хүн 76 нас хүртлээ УДШ-д хууль шүүхийн хүчирхэг хамгаалалтан дор байна гээд та төсөөл дөө.
Нутгийн өөрөө удирдах байгууллагыг самарч, ард түмнээс ардчиллыг булаах асуудлыг дараагийн дугаарт бичнэ.